Өмгөөлөгч Батбаяр: 108 сая төгрөгийн татвар төлснийхөө төлөө гэмт хэрэгтэн мэт дуудагдаж, бичигддэг тул хэн ч татвар төлөхийг хүсэхгүй

2021-08-14 516 0
Shares

Монголын хуульчдын холбоо энэ сарын 16-нд хуралдаж, ёс зүйн доголдолтой зарим гишүүндээ хариуцлага тооцсон аж. Энэ хүрээнд Дубайн гэрээ, Б.Хурцын хэрэг зэрэг дуулиант хэргүүдэд ажиллаж, олон нийтэд танил болсон өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх шийтгэл ногдуулжээ. Өмгөөлөл үзүүлэх эрх нь цуцлагдаад байгаа өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа. 2019/12/16  

-Ямар шалтгаанаар таны өмгөөлөх эрхийг түдгэлзүүлсэн бэ?

-Өмгөөлөх эрхийг маань нэг жилийн хугацаатай хасах шийдвэр өмгөөлөгчдийн баярын өдөр буюу энэ сарын 16-нд гарлаа. Ингэхдээ хоёр үндэслэл дурдсан байна. Эхнийх нь “2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд гудамжинд хүнтэй маргалдсан” гэж сахилгын маргаан үүсгэсэн. Нөгөөх нь “Оюуны-Ундраа” компанийн зүгээс “2018 оны гуравдугаар сарын 12-нд хотын даргыг шүүмжилж, муулсан өнгө аясаар ярьсан” гэдэг гомдол гаргасан байсан. Иргэнтэй маргасан гэх үйлдэлд би эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байсан юм. Тодруулбал, миний гар хөлийг гэмтээсэн учир би гудамжинд маргасан.

Сүүлд дурдсан нь яллагдагчийн гомдлоор хохирогчид маргаан үүсгэсэн байсан. Үнэн хэрэгтээ гурван жилийн өмнө шийдвэрлэгдсэн байсан маргаан шүү дээ. Гэтэл энэ мэт маргаан үүсгэж явсаар байгаад миний эрхийг түдгэлзүүллээ. Мөн дээрх маргаан үргэлжлэх хугацаанд буюу 2019 оны хоёрдугаар сарын 1-нд Өмгөөллийн тухай хууль батлагдсан. Энэ хуульд зааснаар өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн ёс зүйн маргааныг эвлэрүүлэн шийдэж байгаа. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэгжиж байгаа учир байдал надад ашигтайгаар эргэнэ. Харин хатуухан хэлэхэд би Монголын хуульчдын холбоог татан буулгахын төлөө бүх хүчээрээ ажиллах болно.

-Өмгөөлөх эрхийг тань нэг жилийн хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэр үндэслэлтэй юу?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64.5.2-т “Мэргэжлийн ур чадвартай холбоотой маргааныг шүүгч, прокурорын хүсэлтээр шийдвэрлэнэ” гэж заасан. Ур чадвартай холбоотойгоор хугацаатай, хугацаагүй байдлаар өмгөөлөх эрхийг түдгэлзүүлж болдог. Миний тухайд, өмгөөлөх эрхийг маань нэг жилийн хугацаатай хүчингүй болгосон нь зөвтгөх ямар ч үндэслэлгүй, буруу шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64.4 заасан (хүчингүй болсон хуулийн хэм хэмжээг баримтлан гарсан) маргаан шийдвэрлэх журмаар надад хариуцлага ногдуулж байна. Энэ бол Монголын хуульчдын холбоо анхнаасаа хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг нотлох баримт. Тийм учраас би эс хүлээн зөвшөөрч, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр түдгэлзэж байгаа юм.

-Энэ шийдвэрийн талаар хүн бүр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүнд нөлөөлсөн болов уу. Та ямар бодолтой байна вэ?

-Улстөрчдийн дарамт шахалт, тэдний нөлөөллийн дүнд ийм шийдвэр гарсан гэж харж байгаа. Ингэж хардах шалтгаан ч бий. Энэ сарын 8-ны УИХын чуулган дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Танхай өмгөөлөгч нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Монголын хуульчдын холбоог татан буулгана” гэсэн. Мөн гаргаж байгаа шийдвэрийнх нь үндэслэл намайг ингэж бодоход хүргэсэн. Өглөө гарахаас эхлээд л цагдаа, шүүх хурлын маргаан, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах маргаан, хэвлэл мэдээлэлтэй холбоотой маргаан… Өдөржин маргааны дунд байсаар гэртээ очиход өдөр нь гарсан мэдээ, мэдээллээс болж дахиад маргаан үүснэ. Үнэн бодит биш, эх сурвалжгүй мэдээллээс болж ах дүү, найз нөхөд, гэр бүлийн орчинд маргаан эхэлдэг. Энэ байдлаас маш их залхаж байна. Үнэхээр хэцүү байна гэж болно.

-Та С.Зоригийн хэргийн шүүх хурлын үеэр Ц.Нямдорж сайдад хатуу үг хэлсэн байдаг. Энэ түүний хариу байж болох уу?

-Б.Хурцын хэрэг, Дубайн гэрээтэй шууд холбоотойгоор бид хоёрын хооронд сэтгэл зүйн буюу харилцааны зөрчлүүд үүссэн. Нүүр тулж уулзаагүй шүү. Тэр хүний ашиг сонирхол, миний ашиг сонирхолтой зөрчилдсөн үү гэвэл зөрчилдсөн. Энэ нь ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд ойлгомжтой болсон. Шүүгч, прокурорыг төр хамгаалдаг. Ингээд бодохоор өмгөөлөгч бол ганцаардмал субъект. Тийм учраас би өөрийнхөө эрх зүйн байдлыг сайн мэдэж байж өмгөөлөл явуулах хэрэгтэй. Мөн ямар нэгэн том маргаанд хамгаалалтгүй бол орох хэрэггүй гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, хууль, түүний дээр тэнгэр байгаа гэдэг бол харьцангүй ойлголт. Эрх мэдэл, эд хөрөнгө ямагт бүхний дээр байдаг юм байна гэдгийг өмгөөлөл хийх хугацаандаа ойлгож авлаа.

-Улс төрийн нөлөө гэж тойруулахгүй, хардаж буй эзнээ шуудхан хэлчих зориг танд байна уу?

-Ард түмэн бараг мэддэг болсон доо. “Оюуны-Ундраа” компани надтай ашиг сонирхлын зөрчилтэй болохоор бие бие рүүгээ дайрдаг, доромжилдог. Түүнчлэн хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээ ашиглан муучилдаг. Өөрөөр хэлбэл, тэр тал намайг ингэж харддаг. Би ч мөн адил тэднийг сэрддэг. Миний хувьд “Хүмүүс хэрэлдэж, тэмцэлдэж л байдаг. Одоо энэ маргаанаа зогсооё” гэсэн байр суурьтай байдаг. Маргаанаа зогсоох хүсэл зорилгоо илэрхийлэхээр нөгөө тал маань “Энэ ялагдсан. Айж байна. Тийм учраас бүр байхгүй болгож, амьдрах эрхийг нь үгүй хийе” гэдэг байдлаар сэтгэл зүйн давуу байдал олж, улам эрчимждэг.

-Өмгөөлөх эрхийн маргаан эцэслэх хүртэл та өмгөөлөл хийх боломжтой биз дээ?

-Бүрэн шийдээгүй буюу маргаантай байх хугацаанд өмгөөлөл явуулж болно. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн эрх түдгэлзсэн ч иргэн, захиргааны хэрэгт чөлөөтэй оролцоно гэсэн үг. Харин эрүүгийн хэрэгт оролцоход ээдрээтэй нөхцөл үүсдэг. Гэхдээ надад итгэж ирсэн үйлчлүүлэгчдийнхээ асуудлуудыг энэ хугацаанд шийдвэрлээд дуусгана.

-Гэр бүл, амь насанд аюултай байж болох цөөнгүй хэрэгт та өмгөөлөгчөөр оролцсон. Үүнээс үүдэлтэй дарамт, заналхийлэл ирэх тохиолдол ер нь байдаг уу. Монголд өмгөөлөгч өөрийгөө хамгаалах хууль эрх зүйн орчин бий юу?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1-т “Өмгөөлөгчийг өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан дарамтлах, айлган сүрдүүлэх, шахаж хавчих, мөрдөж мөшгих, тагнаж, чагнахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл энэ нь үхмэл заалт. Монголын хуульчдын холбооны Хуульчдын эрхийг хамгаалах хороо ч мөн адил бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй, үхмэл байгууллага. Яагаад гэвэл Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаа явуулж байхад бид оролцох эрхгүй гээд сууж байдаг. Миний гэр бүл, үр хүүхдэд асар хүндрэлтэй зүйлс тулгардаг. Жишээлбэл, намайг ямар нэгэн эмэгтэйтэй явалддаг, залилан хийсэн, хүн дарамталсан гэх мэт гүтгэлэг их гардаг. Ийм хуурамч мэдээллээ эхнэрийн маань фэйсбүүк рүү явуулчихна, миний хүүхдүүдэд “Аав чинь завхай, маш муу хүн” хэмээн хэлнэ. Ер нь ямарваа нэгэн хэргийн эсрэг тал дандаа намайг муулж байдаг.

-Та Монголын хуульчдын холбоонд гомдолтой байх шиг байна?

-Монголын хуульчдын холбоо бол төрийн бус байгууллага. Гэтэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.2-т “Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага зөвхөн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана” гэсэн байдаг. Гэтэл энэ зорилго, үүргийнхээ хүрээнд ядаж миний үгийг сонсох, намайг цагаатгах нотлох баримт цуглуулах боломжоор хангаж өгөхгүй байна. Шууд хэлэхэд улстөрчдийн хүсэл зорилгод захирагдан ажиллаж буйд нь гомдоод байгаа юм. Үндсэн чиг үүргээсээ хазайсан, гишүүддээ үйлчилдэггүй энэ байгууллага хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтлан батлагдсан журмаар маргааныг шийдвэрлэдэг. Яг энэ зарчмаар 2017 оноос хойш маш олон хуульчийн эрх ашгийг зөрчсөнийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна.

-Таны хэлж байгаа үнэн бол хэзээнээс эхэлж ийм үхмэл, шударга бус болсон бэ. Шударга хуульчид нэгдэж, өөрчлөлт хийж чадахгүй гэж үү?

-Хүн яг өөрт нь эрх зүйн байдалтай холбоотой маргаан үүсэхэд л энэ их алдаа, дутагдалтай байдлыг мэдэрдэг юм байна. Бусад үед манай өмгөөлөгч нар ярих гэхэд яриулахгүй дарчихдаг, айлган сүрдүүлдэг.

-Таныг тэрбумтан өмгөөлөгч гэдэг. Энэ үнэн үү?

-Би гэр бүлээ тэжээх, амьдралын таатай орчноо бүрдүүлэх үүрэгтэй. Өдийг хүртэлх хугацаанд өөрийнхөө хэмжээнд эд хөрөнгө цуглуулсан. Энэ маань тэрбум төгрөгөөс давах хэмжээний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө. Би заавал ядуу байх албагүй шүү дээ. Нэгэнт хөдөлмөрлөж байгаа учир түүнийхээ үр шимийг хүртэх эрхтэй. Гэтэл хүмүүс шуналтай, баян, луйварчин гэж олон янзаар ярьж, бичдэг.

-Та 2017 онд 108 сая төгрөгийн татвар төлсөн байдаг. Түүнээс хойш энэ хэмжээний татвар төлж байгаа юу?

-Би жилд дунджаар 30-40 сая төгрөгийн татвар төлдөг. Гэхдээ хүн татвар төлөх сонирхолгүй болчихдог юм билээ. Учир нь, 108 сая төгрөгийн татвар төлснийхөө төлөө гэмт хэрэгтэн мэт дуудагдаж, бичигддэг. “Энэ муу хятадуудаас мөнгө авч татвараа өгсөн, энэ луйварчин” гээд байхаар хэн ч татвар төлөхийг хүсэхгүй. Татвар төлөхөөр хулгайч болдог, төлөхгүй болохоор гэмт хэрэгтэн болно. Тэгэхээр би яг яах ёстой юм бэ.

 

Shares

Холбоотой мэдээ