Афганистаны Ерөнхийлөгч 4 машин мөнгөтэй эх орноосоо зугтаалаа

2021-08-18 723 0
Shares

ОХУ-ын Кабул дахь ЭСЯ-наас Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо гутамшигтай байдлаар дүрвэсэн болохыг мэдээлжээ. Тодруулбал, Гани эх орноосоо нисдэг тэрэг болон дөрвөн машинаар дүүрэн бэлэн мөнгө ачаад зугтсан болохыг “Риа Новости” төрийн мэдээллийн агентлагт тус яамнаас мэдээлсэн юм.

Кабул дахь Оросын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко “Гани Афганистанаас ийм дүр зурагтай зугтаж байгаа нь тус улсад авилгалын систем ноёрхож байсныг харууллаа” гэсэн юм. Түүний хэлснээр, Афганистаны ерөнхийлөгч асан Ашраф Гани дөрвөн машиныг мөнгөөр дүүргээд үлдсэнийг нь нисдэг тэргэнд ачсан боловч багталгүй нисэх буудал дээр үлдээсэн байна.

“Associated Press” агентлагаас Гани ийм байдалтай зугтсаныг хэрхэн мэдсэн болохыг тодруулахад тэрбээр “Бид энд ажилладаг шүү дээ” гэхээс өөр зүйл хэлээгүй аж. Талибан бүлэглэл ням гаригт нийслэл Кабул хотод орж ирсэнээр Гани Афганистаныг орхисон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ганиг хөрш Тажикстан эсвэл Узбекстан улс руу дүрвэсэн хэмээн мэдээлж байсан ч түүний хаана байгааг албан ёсоор баталгаажуулаагүй билээ. Мөн Кремлийн Афганистан дахь төлөөлөгч Замир Кабулов энэхүү явдлыг “гутамшиг” хэмээн тодорхойлж Ганиг шударга шүүхийн өмнө авчирч Афганистаны ард түмний өмнө хариуцлага хүлээлгэх ёстой гэжээ.

Афганистан дахь ОХУ -ын Элчин сайд Дмитрий Жирнов “Эхо Москвы”-д өгсөн ярилцлагадаа “Талибан бүлэглэл хяналтаа тогтоосноос хойш эхний 24 цагийн байдлаар Кабул дахь нөхцөл байдал Ашраф Ганигийн үеийнхээс тайван байна” гэжээ. Вашингтоны дэмжлэгтэй засгийн газрыг удирдаж байсан Ганигийн талаархи Москвагийн хурц шүүмжлэл ОХУ, АНУ-ын харилцаа улам хурцдаж буй үетэй таарч байгаа юм.

Москва Афганистанд арван жил үргэлжилсэн дайн хийсний эцэст 1989 онд цэргээ татаж байв. Үүнээс хойш Афганистаны улс төрийн фракц АНУ-тай үл ойлголцол үүсгэх үед Москва маргаанд зуучлагчийн үүргээр оролцсоноор Кабултай дипломат харилцаагаа сэргээж байжээ.

Shares

Холбоотой мэдээ