Б.Жаргалсайхан: Улиг болсон романтизмаа зогсоо, Улаанбаатарт шинэ өглөө ирлээ

2021-08-25 599 0
Shares

Улиг болсон романтизмаа зогсоо, Улаанбаатарт шинэ өглөө ирлээ…
Та нар бод доо. Социализм гэж хамгийн балай юм гээд хамаг сэхээтнээ гудамжид хөөж, харуид нь зальтай зайдан нөхдүүд төрийн сэндийг санлайлсан. Архичин аав, ядарсан ээжийнхээ амьдралаас залхахдаа хэдэн хүүхэд гудамжинд гарч, тарншений нүх булаацалдлаа. Тэр үед архи уусан аав, тэгэхэд зовиур амссан ээж, зүдрэхдээ гудамжинд гарсан жаал, тэр бүхний өмнөөс би уучлал гуйя.

Бид бүгдээрээ ядарсан. Ядрахдаа задрахгүй юм гэхэд зүдрэхгүй гээд ардчилал руу хөтлөлцөөд орсон. Хэн ч харамсаагүй, бас гомдоогүй. Цаг үе бүхэн өөрийн зовлонтойгоо, ирээдүйн шагналтайгаа ирдэг. Би өнөөдөр зориуд оюутан залуус цуглаж хотын гудамж хөл хөөртэй болсон энэ өглөө төв гудамжаар алхлаа. Нэг ч архичинтай таарсангүй, амссан бацаантай ч тулгарсангүй.

Үүрийн зургаан цагт үүргэвчээ үүрсэн хүүтэй таарлаа. Тэр цүнхэнд лав бэлгэвч байхгүй, ном байгаа. Миний багад бол ном цүнхлээд явах комунистууд олон байсан ч тэд итгэдэггүй дагадаг байсан. Харин эд нар итгэдэг, яагаад ч дагадаггүй нөхдүүд байна. Шалтгаан нь маш энгийн. Намын дарга, түүний хайртай гишүүн эд нарыг ингэж явуулаагүй. Шөнөжин бодсон мөрөөдөл, ирээдүй нь хөнжлөөс нь суга татаад гаргаад ирж байна. Монгол мөрөөдөлтэй болж байгаад баярлаж байна. Миний хүсдэг зүтгэл яг эндээс бий болдог. Би мөрөөдөөгүй бол та нарын мөрөөдлийн, бас хараалын бай болохгүй байсан гэх үү дээ.

Энэ хотод хамгийн эртэч хүмүүс ТҮК-ийнхан юм байна. Тэд түрдэг, эсвэл чирдэг хогийн тэргээ түрсээр эсвэл чирсээр намрын алаг өдрүүдэд нарнаас урьтаад гарчихсан байна. Хаа нэг ганц нэг автобус үзэгдэх бөгөөд харин тэр нь миний багад байсан мөнөөх хуучин эдүүд. Аргагүй юм даа, би энлээс зайлаагүй байхад оросын автобус арилах нь ч хаашаа юм.

Нар хөөрчээ, найзуудаа. Найдвар тасраагүй байна. Халуун кофе уунгаа хэдэн үг хэлхэх хооронд хүүхэд чинь том болж, хүсэл нь хил давж, хясал нь та нар өөрсдөө болчихсон байна. Улиг болсон романтизмаа зогсоо, Улаанбаатарт шинэ өглөө ирлээ. Одоо та нар зайгаа тавиад олон залууст боломжийг нь өгөөтөх. Би ч зайлая. Та нар ч зайл. Улиг болсон романтизмаа зогсоо, Улаанбаатарт шинэ өглөө ирлээ. Улсаа ч тэр, усаа ч тэр уусан бидний үе дууслаа. Улсаа ч тэр, ирээдгүй ч тэр дүү нартаа өгцгөөе. Тэд нар эв эрүүл, сав саруул, үүргэвчтэйгээ номын сан руу явж байна.

Shares

Холбоотой мэдээ