9 сарын 1: Хүмүүст тохиолдсон хамгийн хөгжилтэй түүхүүд

2021-08-26 199 0
Shares

Хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг хүүхдүүдийн хувьд уулзалтын баяр, зарим нэгнийх нь хувьд анхны хамгийн том шийтгэл болдог бол насанд хүрсэн хойно хамгийн сайхан дурсамжийн нэг болж үлддэг. Тэгвэл 200-2021 оны хичээлийн жилийн нээлт цар тахлын улмаас болохгүй тул нэгэн шинэ содон дурсамжтай, эсвэл дүнсгэр өдөр болж хувирах нь. Ямартай ч энэ онцлогтой өдөр хүмүүст ямар дурсамж үлдсэнийг хамтдаа сонирхоё.

22 настай Долгормаа:

Жил бүрийн намар хичээлийн шинэ хэрэглэл бэлдэнэ гэдэг миний хувьд том баяр байлаа. Намайг 4 дүгээр ангид орох намар байсан санагдаж байна. Ээж бид хоёр зах гарч бэлтгэлээ хийсэн юм. Бэлтгэлээ базааж дуусаад хамгийн сүүлд цүнх авахаар боллоо. Хөөрхий ээжид маань тийм ч хангалттай мөнгө байгаагүй болохоор арай хямд цүнх авч өгөх гэхэд нь би ууралсаар байгаад хамгийн үнэтэй ягаан даавуун цүнхийг авахуулсан юм. Есдүгээр сарын нэгэн болж өнөөх үнэтэй цүнхээ баяр хөөртэйгээр үүрэн алхалж байтал, оосор нь тасарч яг шалбааг дээр уначихдаг байгаа. Би ч хэсэг алмайрч зогссоноо халтар цүнхээ шүүрэн авч гэрийн зүг уйлсаар гүйсэн юм даа. Тэр өдрөө хичээлдээ яваагүй санагдаж байна.

31 настай Бат-Амгалан:

2004 оны намар их урт санагдлаа. Учир нь алхах ангид орох гээд хэрэндээ догдлоод байгаа хэрэг. Ангийн охидууд ямар болсон бол гэдэг бодол намайг бараг шатаана. Өглөө ч боллоо. Худалдаж авсан шинэ хувцасаа өмсөөд сургуулийн зүг яаран алхлаа. Урд байрны Шүрээ миний өмнөхөн алхаж байна. Араас нь хараад шууд танилаа. Гэтэл нэг л зүйл нь буруу харагдаад болдоггүй. Юу билээ гэсээр Шүрээ гээд гүйцээд очлоо. Бас тэрүүхэндээ ичингүйрч байна. Гэтэл тэр буруу харагдсан зүйл нь Шүрээ цүнхгүй явж байдаг байгаа. Цүнхгүй хаачих гэж байгаа юм гэтэл нүүрээ дараад буцаад гүйчихлээ. Цүнхээ мартчихсан хэрэг л дээ. Хичээл орлоо. Эхний цаг завсарлалаа. Шүрээ байдаггүй. Яасан юм бол гэсэн бодол төрөөд дараагийн хичээлд ортол Шүрээ гэнэт гарч ирээд намайг булан руу чирлээ. Яасан гэтэл, “Хүнд хэлбэл ална шүү” гэдэг юм даа. Одоо ч хүн болгонд хэлээд бөөн инээдэм болдог юм.

36 настай Тамир:

Биднийг дунд ангид байхад өргөн өмд, саравчтай малгай зэрэг хип хот төрлийн хувцас мода байлаа. Хөвгүүд гангарахын тулд гутлаа ургамлын тосоор арчина. Тэр битгий хэл үсэндээ элсэн чихэртэй ус түрхэж хэлбэрт оруулдаг байлаа. 9 сарын 1-ний өглөө энэхүү уламжлалт гангарах аргын дагуу үсээ элсэн чихэртэй усаар тас бариулаад сургуульдаа ирлээ. Бид нэг нэгнээ яаж өөрчлөгдсөнийг харж, баахан инээж ханиагаад удалгүй хичээл орлоо. Гэтэл биеийн тамирын хичээл орох болж таараад. Дээрээс нь гадаа ордог юм. Хөлстэйгээ хутгалдсан юм гүйж харайсаар арай гэж завсарлаад ангиараа ундаанд оочерлоод зогсож байтал миний үсэн дээр ялаа шаваад болдоггүй. Ичсэндээ тэр өдрийн хичээлд суугаагүй. Харин сургууль даяар намайг ялаа Тамир гээд аль хэдийнэ хочилчихсон байсан.

20 настай Цовоо:

Нэг жилийн намар санаанаас ер гардаггүй юм. Би сайн найзтайгаа шинэ сургуульд, нэг ангид хамт шилжиж очсон юм. Хичээлийн эхний өдөр цоо шинэ анги танхим, огт танихгүй царай биднийг угтан авлаа. Маргааш нь өнөөх ангидаа найзыгаа ирэхийг хүлээгээд ширээндээ ганцаараа суугаад л байлаа. Найз маань ирсэнгүй. Гэтэл би анги солигдсоныг мэдэлгүй өөр ангид өдөржин суусныгаа бүр сүүлд нь л мэдсэн юм даа.

31 настай Рагчаа

Би бүртгүүлэх гээд сургууль дээрээ очиж байсан юм. Р үсэг хэлж чаддаггүй болохоор нэрээ хэлэх үнэхээр дургүй. Бүртгэж байгаа хүн, “За миний хүүгийн нэр нь хэн билээ. Нэрээ хэлээрэй” гэхэд нь би “Аавын майжиг” гээд л зогсож байлаа шүү дээ.

25 настай Оюутан:

9 сарын 1 бас онцгүй шүү дээ. Бүх юмаа бэлдээд л “солиоруулаад өгнө” гээд үнэн идэвх царайлаад, урам зоригтой сууж байхад хажуунаас ангийн хүүхэд “Илүү дэвтэр байна уу?” цаанаас “Балаа өгчих”, ардаас “Гол цаас байна уу?” гээд л үргэлжлэнэ шүү дээ.

33 настай Ганаа:

2010 оны есдүгээр сарын 01-нд Төв аймгаас хичээлдээ орох гээд ирэв ээ. Ирэхэд их сургуулийн ангийн гурван найз бөмбөгөр дээр тосож байхаар тохирлоо. Би такси барьж очоод машинаас буух үед хамаг юм эхлэв. Буухдаа их сүрхий бууж л дээ, гэхдээ манай гурвын анхаарлыг миний шинэ кэт хамгийн ихээр татсан байгаа юм. Ядаж байхад тонгойгоод буух үед бас шинэ авсан нүдний шил энгэрийн карманаас унаж нтр.. Манай гурвын хөгжилдөх сэдэв нэгээр нэмэгдлээ. Яаааая налайхын нүүрс шиг хар шил энгэрээс нь унаад, хун цагаан кэт нь гялалзаад гээд явж өглөө нөгөө гурав чинь… би ямар уурлалтай нь биш инээгээд л байлаа.

Тэгээд МУИС орлоо. Өгөр шаарнууд чин миний кэтийг мартдаггүй шүү. Сургуулийн коридорт байх дээд, доод курсын хар мянган хүүхдүүдийн дундуур “Зам тавиарай манай найз шинэ кэт авсан байгаа, хун цагаан дээр нь гишгэчихвээ” гээд л. Бөөн инээдэм. Нөгөө инээж байсан би уурлах янз ороод явчлаа шүү. Удалгүй бүр уйлмаар санагдаад, харьмаар санагдаад. Тэгсэн ч шийр заагаад тэр оюутнуудын дундуур явсан чин алхаа малхаа арай дэндүү ондоо болж молоод хөл мөл хүний хөл шиг санагдаад хаха тайзан дээр алхаад байгаа юм уу хаашаа юм. ТЭРНЭЭС ХОЙШ БИ ХИЧЭЭЛДЭЭ ШИНЭ ХУВЦАСТАЙ ОЧООГҮЙ ЭЭ.

Shares

Холбоотой мэдээ