Эцэг эхүүдэд зориулав: Бяцхан Оливиагийн зүрх булиглуулсан түүх

2021-08-26 74 0
Shares

8 дахь дадал байдаг гэдгийг дуулаад зарим хүмүүс гайхдаг. Энэ дадлыг “Өөрийн дуу хоолойг ол, тэгээд бусдад ч гэсэн дуу хоолойгоо олоход нь тусал” гэдэг юм. Оливиа охин энэ тухай сайн мэднэ.

Оливиа Нью Йорк мужийн Вест Сенека хотын Венчестер бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч юм. Тэрээр онц сурлагатай, ухаалаг, хөөрхөн охин боловч дуугаа хураах зуршилтай юм.

Оливиа гэртээ чөлөөтэй ярьдаг боловч цэцэрлэгт ороод тэнд хэнтэй ч яриагүй бол сургуульд ороод жилдээ ганц нэг удаа багшдаа юмуу найздаа юм шивнэж хэлэхээс бусдаар огт юм ярьдаггүй байна. Харин дүүдээ болон дүүгийнхээ ангийнханд ном уншиж өгдөг ажээ.

Тиймээс Оливиаг сургуулийнхаа Манлайллын өдөр үг хэлэхийг хүсэхэд Талти багш үнэхээр гайхсан нь ойлгомжтой. Олон зуун хүмүүсийн өмнө гарна гэдэг ямар болохыг Талти багш мэдэх тул ямар нэгэн зүйл бүтэмжгүй болж Оливиад хүндээр тусах вий гэхээс санаа нь зовжээ. Гэсэн ч тэрээр Оливиад боломж олгохыг хүссэн байна. Тэгээд “Чи итгэлтэй байна уу?” хэмээн шавиасаа дахин асуужээ. Оливиа зөвшөөрч байгаагаа илтгэн толгой дохисон нь багшид тийм ч итгэл төрүүлсэнгүй.

Талти багш Оливиагийн хүсэлтийг захирал Кати Бранчменд уламжилсан байна. Захирал ч мөн ялгаагүй Манлайллын өдөр үг хэлэх охины хүсэлтийг гайхаж, басхүү баярлан хүлээн авсан боловч Оливиад таагүй асуудал үүсгэж магадгүй хэмээн санаа зовсон тул охинд эхлээд туршилтын хугацаа өгөх хэрэгтэй гэж үзжээ.Тэрээр Оливиатай дөрвөн өдөр дараалан ярилцах гэж оролдсон боловч охин юу ч яриагүй байна. Эцэст нь тав дахь өдөр буюу баасан гарагт захирал Бранчмен ийн хэлжээ.

“Оливиа, би чамайг Манлайллын өдөр үг хэлэхийг хүсэж байгааг чинь ойлгож байна. Хэрэв чи Даваа гарагт сургуулийн өглөөний мэндчилгээг хийж, сургуулийн эрхэм зорилгыг унших юм бол Манлайллын өдөр үг хэлж болно. Чи үүнийг хийж чадах уу?”. Оливиа бас л эргэлзэнгүйгээр толгой дохихоос өөр юм хэлсэнгүй.

Даваа гарагт захирал Бранчмен дүүргийн уулзалтад орсныхоо дараа сургууль дээрээ ирэхэд багш ажилтнууд нь түүнийг баярын нулимстай угтаж авсан байна. Тэд Оливиа хэрхэн цагтаа ирээд микрофоныг итгэлтэй нь аргагүй авч хөөрхөн дуугаар “Өглөөний мэнд, намайг Оливиа гэдэг” хэмээн хэлээд ямар ч эргэлзээгүйгээр сургуулийн эрхэм зорилгыг цээжээр уншсан тухай хэлжээ. Сургууль тэр аяараа баяртай байлаа.

Манлайллын өдөр үг хэлэхээр найман сурагчийг сонгосон байна. Хүүхэд бүр нэг дадал сонгон авч түүнийгээ тайлбарлан, хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа ярих ёстой байв. Эхний уулзалтын үеэр захирал Бранчмен сурагчдаас ярихыг хүсэж байгаа дадал байгаа эсэхийг асуужээ. Оливиа хамгийн түрүүнд гар өргөсөн байна. Ямар дадал вэ гэж асуухад охин аяархнаар “Дадал 8: Өөрийн дуу хоолойг олох” хэмээн хариулжээ. Энэ сонголт захирал Бранчменийг гайхшруулж орхисон байна. Энэ нь дан ганц Оливиагийн егөөтэй сонголт ч биш, тэд дадал 8-ын тухай бараг үзээгүй байсантай холбоотой байлаа.


Оливиа хичээнгүйлэн бэлдсэн байна. Дадал 8-ын тухай эрэл хайгуул хийж үндсэн санаагаа гаргахдаа л охин багахан тусламж авчээ. Манлайллын өдөр болоход тэрээр хурлын танхимд олон зуун хүний өмнө зогсож байлаа. Олон хүний өөдөөс хараад хэсэгхэн чимээгүй зогссон нь захирал Бранчмен болон Талти багш хоёрын санааг зовоох хангалттай хугацаа байв. “Алив ээ Оливиа. Чи үүнийг хийж чаднаа!”
Оливиа энэ өдөр зөвхөн өөрт нь зориулагдсан мэт тун тайвнаар ярьж эхэлсэн байна.

Сайн байна уу? Намайг Оливиа гэдэг. Би Талти багшийн дааж авсан гуравдугаар ангийн сурагч. Дадал 8 бол өөрийн дуу хоолойгоо олж, бусдыг ч дуу хоолойгоо олоход нь туслах юм. Энэ дадлын гол утга учир нь та өөрийн амьдралдаа хийж байгаа зүйлдээ 100 хувь оролцох ёстой гэсэн санаа билээ.

100 хувь оролцоно гэдэг нь та амьдралдаа бие бялдар, оюун ухаан, зүрх сэтгэл, итгэл үнэмшлээ бүхэлд нь оролцуулах гэсэн үг юм. Дуу хоолойгоо олохын тулд та өөрийн төрөлхийн авьяасаа олж нээх хэрэгтэй. Хүн бүрт сайн хийж чаддаг ямар нэгэн зүйл заавал байдаг! Өөр хэн нэгэн хүсэл зоригийг чинь унтараахыг бүү зөвшөөр. Та бусдад агуу зүйл хийх урам зориг хайрлаж чадна.
Би дүүгийнхээ цэцэрлэгийн ангид ном уншиж өгөх замаар энэ дадлыг хэвшүүлдэг. Би бас тэдэнд биологийн хичээл дээрээ үзэж байгаа эрвээхэйн хөгжлийн үе шатны талаар ярьж өгөн авгалдайнуудаа ч үзүүлсэн. Ингэснээрээ би өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа хэрэг юм.

Би одоо АГУУ зүйлс хийх замдаа явж байна. Та бүхэнд баярлалаа.

Хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь Оливиагийн нөхцөл байдлын талаар мэдэхгүй байсан боловч ямар нэгэн онцгой зүйл болсныг түүний нүүрний хувирлаас олж харсан байна. Харин Оливиаг сайн мэдэх хүмүүсийн хувьд тэд сэтгэл хөдлөлөө арай ядан барьж байлаа.

Оливиагийн ээж нүд дүүрэн нулимстай байсан бөгөөд охин нь өөрийн дуу хоолойгоо олж чадах, түүнийг хайрлан хүндэтгэдэг, хувь нэмрээ оруулах боломжоор хангаж өгдөг сурах орчинтой байгаад нь үнэхээр сэтгэл хангалуун байсан юм.

Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын сэтгэл хөдөлгөм түүхүүдийг өгүүлсэн БЯЦХАН МАНЛАЙЛАГЧ НОМООС

Shares

Холбоотой мэдээ