“Хорио”-нд байгаа аялал жуулчлалын салбарыг хөдөлгөөнд оруулах аян эхэллээ

2021-09-03 261 0
Shares

Цар тахлын тархалттай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоож, хилийн хориг тавьснаар дэлхий нийтэд хамгийн их хохирол амссан салбар бол аялал жуулчлал юм. Манай улсын тухайд эдийн засгаа солонгоруулах зорилтын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс онцгойлон анхаарч ирсэн байдаг ч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хоёр жилийн хугацаанд хямралтай нүүр тулсаар байна. Тиймээс БОАЖЯ-наас энэхүү эрсдлийг даван туулах, эргээд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арга замыг сурталчлан таниулах зорилгоор Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтаж “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН”-ныг өрнүүлж эхлээд байна.

1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн юм.
Монгол улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос хойш жил бүр энэхүү өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH – ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тиймээс Монголын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран 9 дүгээр сарыг “Аялал жуулчлалын салбарыг сурталчилан таниулах “НЭГ САРЫН АЯН” болгон зарлаж байна.

Аяны хүрээнд 9 дүгээр сарын 27-ныг хүртэл тасралтгүй олон талт арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд үүнд иргэн, ААН-ийг идэвхтэй оролцохыг уриалаад байна. Аялал жуулчлалын салбарынхны хувьд хэдийгээр гадаад аялал болон гаднын жуулчдыг хүлээж авах боломж хумигдсаар ирсэн ч энэ нөхцөл байдал дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, чанар, үйлчилгээг сайжруулахад дэвшил авчирсан хэмээн дүгнэж болохоор байна.

Тиймээс цаашид дотоодын аялалыг хөгжүүлэх, хөтөлбөр, зохион байгуулалтыг дараагийн шатанд гаргах, улмаар байгалийн болон түүхийн цогцолбор газрыг дагасан дэд бүтцийг цогцоор хөгжүүлэх зэрэг шинэ сорилтууд тулгарч байна. Үүнд салбарын яам хувийн хэвшилтэй хамтран арга, төлөвлөгөөг боловсруулах, гацаанд орсон салбарын хөгжлийг ургашлуулахад хамтрах бөгөөд энэ удаагийн аян үүнд чиглэсэн байна.

Shares

Холбоотой мэдээ