Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хасч, 10 тэрбумын эмийг устгалд оруулна

2021-09-13 1266 2
Shares

Арбидол эмийг эмчилгээний стандартаас хассан байна. Ингэснээр эм нийлүүлэгч зургаан аж ахуй нэгж 10 тэрбум төгрөгийн хохирол амсахад хүрээд байгаа аж. Дэлхийн олон оронд Арбидолыг эмчилгээний стандартад зөвлөхгүй байгаа. Иймд манайх эмчилгээний стандартад оруулах шаардлага байна уу гэдэг асуудал манай улсад яригдаж байсан.

Тухайн үед эмчилгээний үр дүн өндөр, гаж нөлөө харьцангуй бага гэдэг шалтгаанаар хэрэглэж байсан бөгөөд аж ахуйн нэгжүүд их хэмжээний мөнгөөр уг эмийг импортлохоор гэрээ хийсэн байв. Гэтэл ДЭМБ-аас уг эмийг цар тахлын эмчилгээнээс хассан байна.

Хөнгөн хэлбэрээр өвдсөн үед нэн тэргүүнд Арбидолыг зөвлөж байсан. Өнгөрсөн хавар уг эм өндөр үнэтэй байгааг шүүмжилж, шуугиан болсон. Ингээд үнийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч эхэлсэн. Энэ хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, 1,6 жилийн хугацаатайгаар Арбидол эм импортлох аж ахуй нэгжүүд шалгарсан. Нийтдээ зургаан аж ахуй нэгж 3,9 тэрбум төгрөгийн Арбидол эмийн нөөц бүрдүүлжээ.

Энэ талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эрүүл мэндийн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням: Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хассан. Гэтэл ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагууд мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу ААН-үүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц,7 тэрбумын гэрээ хийчихсэн байна. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгагдана гэдэг тайлбарыг өгчээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид 19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон” гэдгийг хэлээд байна.

Shares

Холбоотой мэдээ