Амжилт руу хөтөлсөн “Цэнхэр алт”-ны менежмент

2021-01-06 217 0

2021 онд Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Тэгвэл эсгий хотоос инженерийн байгууламж бүхий орчин үеийн суурин газар болтлоо өргөжин тэлсэн 80 жилийн 55 жил, тэрхүү цаг хугацааны хором мөч бүхэнд хүн ардад хүрч үйлчилсээр ирсэн чухал байгууллага бол “Чандмань Баянхонгор” ХК юм. Үүсэн байгуулагдсанаасаа хойш нэгэн жарны нүүрийг үзэх гэж энэ байгууллага өнгөрсөн дөрөвхөн жилийн хугацаанд үсрэнгүй чадавхжиж, ажилчдын ур чадвар, орчин нөхцөл, ард иргэд, ААН-үүдэд үзүүлж буй үйлчилгээгээрээ услдаа тэргүүлэх болсон нь гайхалтай.

“Чандмань-Баянхонгор” ХК нь анх 1965 онд Үйлчлэх товчоо нэртэйгээр аймгийн төвийн хүн ам, албан газрууд, орон сууцыг халаалт, ус хангамж, ариутгах татуурга,хог тээвэр, халуун ус, зочид буудал, тохижилт үйлчилгээгээр хангах зориулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ. 1978 онд НААҮ-ийн яам байгуулагдсанаар тус салбар сумдын төвийн халаалт дизель станц, ус хангамж, хог тээврийн үйлчилгээг гүйцэтгэж, улмаар аймгийн төвийн ахуйн үйлчилгээтэй нэгдэн НААҮУГазар болон өргөжин тэлсэн байна.
Улс орны өөрчлөлт шинэчлэлтийг дагаад бүтэц, зохион байгуулалт, өмчийн хэлбэрийн хувьд хэд хэдэн статустай явж ирсэн уг байгууллага өөрийн гэсэн байргүй, цалин хангамжаа хугацаандаа тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрч байсан удаатай. Гэвч саад бэрхшээлийг амжилттай даван туулж, одоогийн эдийн засгийн үнэлгээ нь өссөн, иргэдийн хамгийн сайн мэддэг чухал байгууллагын нэг болж чаджээ.

1990 онд Нийтийн Аж Ахуйн контор болон зохион байгуулагдаж, 1997 онд аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр тус газрын харьяа уурын зуухнуудыг хувьчилж, НААҮХТ-ын газар болгон өөрчилсөн. Улмаар 2001 оны 11 дүгээр сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 37 дугаар тогтоолоор 2001.11.07-ны өдрөөс “Чандмань-Баянхонгор” ХХК болсон юм.

2007 оны ИТХ-ын 37 дугаар тогтоолоор Нийтийн Аж ахуй Хот тохижилт үйлчилгээ нэртэй болж, 2010 оноос цэвэр усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн үйлчилгээтэйг ээр үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн АИТХ-ын хуралдааны 18/3 тоот тогтоолоор Хувьцаат компани болон өөрчлөгдсөн байна.
Эдүгээ “Чандмань Баянхонгор” ХК аймгийн хүн ам, аж ахуйн нэгжийг цэвэр усаар хангах, бохир усыг татаж зайлуулах, гэр хорооллын оршин суугчдыг зөөврийн усаар хангах, нэгдүгээр багт орших зарим орон сууц, аж ахуйн нэгж албан байгууллагуудыг дулаанаар хангах, аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхийг тоолууржуулах зэрэг амин чухал үйлчилгээг үзүүлж байна.

Эдний хамт олны уйгагүй хөдөлмөр, оновчтой менежмент, эдийн засгийн зөв тооцоо судалгаа, удирдлагын ур чадвар хосолсны үр дүнд 2016-2020 оны хооронд орчин үеийн тохилог офиссын барилгад үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ дэргэдээ стандартын спорт заал, хүүхдийн цэцэрлэгийг хүртэл байгуулаад байна. Сэтгэл байвал болж бүтдэгийн тод жишээ энэ юм.

Хүн бие физилогийн хувьд усгүйгээр гурван хоног амьдарч чадах чадвартай. Харин орчин цагийн хүмүүсийн хувьд нийгмийн хөгжлийг дагаад усгүйгээр ганц өдөр ч байж чадахгүй. Тийм учраас ард иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ цаг үед чандмань эрдэнэ хэмээн дээдлэх усыг үр ашигтай ашиглаж, тэнцвэртэй байдлыг хангаж, эрчимтэй хөгжлийг бүтээхийг “Чандмань Баянхонгор” ХК-ийн хамт олон эрхэмлэж байна. Ингэхдээ байгууллагын удирдлагын зүгээс цэнхэр алт хэмээгддэг усыг унд, ахуй, дулааны хэрэглээнд үр өгөөжтэй түгээх эргээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, усны талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх гээд цогц менежментийг амжилттай хийсэн нь тэдний гол ололт. Олон нийт анхаарч байгаагүй энэ байгууллага одоо бол Баянхонгорчуудын төдийгүй Монгол Улсын хэмжээнд танигдаж чадсан. Тийм ч учраас “Чандмань Баянхонгор” ХК 2025 он гэхэд одоогийн хүрсэн амжилтаа бататгаж дэвшилтэт технологид суурилсан, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр эрхэмлэсэн салбартаа тэргүүлэгч компани болох зорилтыг тавьжээ. Зорилтод хүрэх зам тодоос тод тавигдаж Монгол Улсын нийтийн аж ахуйн салбарт Баянхонгорчууд нэгт гэдгээ тамгалж чаджээ. Үүний цаана хэрэглэгчээ дээдлэх, байгууллагын хүн бүр бүтээлч, хариуцлагатай, багаар ажиллаж, хамтран бүтээх сэтгэл зүйтэй байх, үйл ажиллагаа явуулахдаа хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах эрхэм чанарууд байдаг. Товчхондоо энэ компани уналтын он цагт цэг тавьж амжилтын шатаар өгсөж байна.

Өдгөө тус байгууллага нь нийт 82 ажиллагчтай. Захиргаа аж ахуй, борлуулалтын, цэвэр усан хангамж , ариутгах татуургын, дулаан хангамжийн гэсэн гурван алба үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны наймдугаар сарын гүйцэтгэлээр 335 албан байгууллага, аж ахуйн нэгж, инженерийн төвлөрсөн шугам сүлжээ бүхий 180 гаруй орон сууцны 2905 гаруй өрхөд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, нэгдүгээр багийн зарим аж ахуйн нэгж, айл өрхийг дулаанаар хангасан байна.

Аливаа байгууллагын амжилт ололт тэнд ажиллаж буй хүний сэтгэл, зүтгэл, ур чадвартай шууд хамааралтай байдаг учраас цаашид амжилтаа бататгаж, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахын тулд Чандмань Баянхонгор ХК боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлтийг үе шаттай хийх, санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

Тухайлбал, ажиллагсдыг хос мэргэжлээр давтан сургаж, ажлын байран дээр хөрвөх чадвартай болгож, Коллежтой хамтран дунд төвшний ажилчдыг сургаж, мэргэжлийн зэрэг үнэмлэхтэй болгох, дотоод хүний нөөцийн бололцоогоо ашиглан, ажлын байрны хөдөлмөрийн бүтээмжийг оновчтой төлөвлөн ажиллахад анхаарч байгаа аж. Мөн техник технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд цэвэр усны эх үүсвэрийг бүрэн автоматжуулах, усны алдагдлыг бууруулахын тулд салбар шугамуудыг тоолууржуулах, хэрэглэгч бүрд ухаалаг тоолуур суурилуулах , ариутгах татуургын татан зайлуулах болон цуглуулах шугам сүлжээг угаах төхөөрөмжтэй болохоор цаг нартай уралдан ажиллаж байна.
Нөгөө талаар усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, зүй зохистой хэрэглээг дэмжих замаар үнэ тарифыг зах зээлийн жишигт нийцүүлэн үе шаттайгаар шинэчлэх ажлыг ч тэд амжилттай хийж байгаа юм.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг гэсэн үг бий. 55 жилийн түүхэн хөгжил, өөрчлөлтийн он жилүүдэд унаж, босож явсан “Чандмань Баянхонгор” ХК-ийн хамт олны үйл ажиллагаа амжилттай, үйлс бүтээл өөдрөг байна. Тэд 2025 онд салбартаа тэргүүлэгч болох эрхэм зорилтынхоо үндсэн шалгуурыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн хангажээ. Одоо бол энэ хамт олны үйл ажиллагааны ололт, амжилтыг нүдээр үзэж, туршлага судлахаар аймаг,нийслэлээс мэргэжил нэгт нөхөд нь зорин ирж, чуулдаг болсон. Хэрэглэгчид үйлчилгээг орчин үеийн технологийн дэвшил, ажилчдын ур чадвар, эерэг хандлагатай хослуулан улам бүр ойртуулах болсноор хонгор нутгийн хөдөлмөрчид хуучин цагийн үйлчилгээний хэв маягыг бүрэн мартсан гэхэд болно.

Холбоотой мэдээ