АН Тасарсан мах, үсэрсэн цусаа бус тасалдсан суудал, тамирдсан эрх ашгаа гүйцэлдүүлэхээр нэгдэв

2021-09-17 289 1
Shares

Эрт цагт энэ улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр эвтэй байхдаа хүчтэй хэмээн хэлж, тэр нь Багабанди ерөнхийлөгчийн титэм үгийг нуга дарж байсан удаатай. Ухаантай хүн болоод хүчин бол энэхүү айхтар үгийг алсын хараа болгож, амьдралдаа мөрдөж авгай нөхөр бол үл хагацаж, аливаа байгууллага бол үл бутрах байсан биз ээ.

Харин үүний учрыг олж хужрыг тунгаахын оронд ардчиллыг авчирсан 30 жил гэх үгэндээ бялуурсан Ардчилсан намынхан УИХ-ын сонгуулийн өмнө хоёр тийш болж, хулгайч, түүлгэчнээрээ хэдэн ч сар дуудалцав. Нэгэнт улс төрийн нам төрийн эрхийг авч чадахгүй, УИХ дахь бүлэг нь хүртэл хүчгүйдэхийн цагт үсэрсэн цус, тасарсан махаа гээд эргээд нийлж буй онц сонирхолтой үйл явдал өнөөдөр боллоо. Хэн нэгнээс болж хэрэг явдал тохиолдсон гэдэг ч хэнд ч хамаатай билээ, нэгдэж байгаа нь сайн хэрэг.

Тэд чухамдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр /2021.09.17/ хүлээн авч уулзаж, амжилт хүсчээ. Уулзалтын үеэр бүлгийн дарга Д.Ганбат “Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэв.

Түүнчлэн бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцлов. Уулзалтын дараа хамтдаа дурсгалын зураг татуулж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн Ардчилсан намын туган дээр гарын үсгээ зурцгааж, дэмжиж ажиллахаа илэрхийлж бэлэглэсэн байна.

Эгээ л Жамухтай анд барилцсан Тэмүүжиний түүх лугаа энэ үйл явдал хэр удаан үргэлжлэхийг хэлж үл мэднэ. Ямартай ч эвтэй байхдаа хүчтэй байж ирэх сонгуульд ялалт байгуулах эсэх нь тэдний хувьд чухал байж таарна. Холын бодол үгүй бол ойрын зовлон байдаг хойно хомжын явдалд өнгөрсөн түүхээ мартахгүй байх нь хагацаж асан Ардчиллынханд хэрэг болох учиртай.

Shares

Холбоотой мэдээ