Малын гаралтай хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж эхэллээ

2021-09-23 213 0
Shares

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хувийн хэвшлийн компаниуд хамтран мал нядалгааны газраас гарч буй хаягдал, малын өтөг бууц ашиглан бордоо хийж байна.

Тодруулбал, MCPT, “Эко Тайхи”, “Усан болор хангай” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, малын гаралтай хаягдлаар компост бордоо үйлдвэрлэж эхэллээ. Улаанбаатар хотын ЗАА-наас тус компаниудад малын гаралтай хаягдлыг хүлээн авах, бордоо боловсруулах газрыг нь шийдэж өгчээ. Харин бордоо үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд өөрсдөө хариуцаж байгаа.

Компост бордоо гэдэг нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлыг ашиглан, тэдгээрийн задралын үр дүнд гаргаж авсан органик бордоог хэлдэг байна. Бусад бордооноос ялзмаг буюу молекулт органик нэгдлийн агууламж ихтэй, ургамлыг шим тэжээлээр удаан хугацаанд хангах онцлогтой. Түүнчлэн хөрсний бүтэц, үржил шимд урт хугацаандаа сайн нөлөө үзүүлдэг давуу талтай аж. Төсөлд хамтран ажиллаж буй MCPT компани нь жилд 12 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Компост бордоо нь 5-6 сарын хугацаанд бэлэн болж, эцсийн бүтээгдэхүүн болдог тухай тус компанийн ерөнхий менежер Ч.Пүрэв хэлжээ. Харин “Эко тайхи” ХХК гаргаж авсан бордоогоороо арав гаруй төрлийн ургамал, ногоо тарьж, туршиж байна.

 


Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх мал нядалгааны газраас малын гаралтай хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан. Малын сэг зэмээс үүдэн махчин шувууд ихээр цугларснаар онгоцны хөөрөх, буух хөдөлгөөнд саад учруулдаг байв. Сүүлийн дөрвөн жилд ил задгай хур хог хаягдлыг цэвэрлэх, мал нядалгаа хийдэг аж ахуй нэгж, байгууллагыг зохион байгуулалтад оруулан, нэгдсэн хогийн цэгийг шийдэх, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэх зэрэг арга хэмжээ авснаар малын гаралтай ил задгай хур хог хаягдлыг бүрэн устгажээ.

Shares

Холбоотой мэдээ