Э.Бат-Үүл төрөөс шагнасан Баатар цолыг намын туганд зүүж “шоудав”

2021-09-27 585 2
Shares

АН-ын удирдлагууд мэдээлэл хийж, 11-р сарын 5-нд буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Эв нэгдлийн их хурлаа хийхээр товлосноо зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэл, М.Тулгат болон МоАН-ын дарга асан Э.Бат-Үүл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын нэр бүхий гишүүд оролцов.

Энэ үеэр АН-ын даргаар сонгогдсон гэх, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: “Ардчилалд хайртай Монгол Улсын иргэдээ! Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ! Ардчилсан Намын уналт, доройтол, ялагдал, ардчиллын сорилтонд санаа зовон суудаг Монголчуудаа! Аливаад цаг үгүй нь үгүй гэж ухаантнууд хэлсэн байдаг.

Бүх зүйл цаг хугацаатай. Тийм учраас Ардчилсан Намын уналт доройтол, ялагдалд цэг тавьж, сэргэлтийн цэгийг бий болгохоор Ардчилсан Намын үе үеийн төлөөлөл энд цуглаад байна. Бид амаргүй цаг үеийг туулаад өнгөрлөө. Ардчилсан Нам бол хэн нэгэн хүн байгуулсан нам биш. Монголчуудын эрх чөлөөний төлөө гэсэн хүсэл зоригоос төрсөн нам юм. Тийм учраас зайлшгүй эргэн сэргэх ёстой.” гэсэн бол мөн л АН-ын даргаар сонгогдсон гэх М.Тулгат:

“Өнөөдөр Монгол улсад үүсээд байгаа эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал эрх баригчдын алдаатай бодлого, эргэж буцсан шийдвэрүүд, хариуцлага хүлээдэггүй, дүлий дүмбэ оргисон ёс зүйгүй байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчин гэдэг нь гудамжны улстөрийг хэлэхгүй. УИХ-д суудалтай, бүлэгтэй АН бодлогын ул суурьтай, улстөрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх цаг нь болсон. Тийм учраас АН дотоод асуудлаа нэн яаралтай шийдэх ёстой. Өнөдөөр АН-д үүсээд байгаа нөхцөл байдал бол сүүлийн хориод жил явж ирсэн үзэл баримтлал, дүрмийн шинж чанартай хуримтлагдсан асуудлаас улбаатай юм. Бүх асуудлаа харилцан тохиролцож боловсруулах ёстой. Ул суурьтай шинэчлэлийг хамтдаа хийх ёстой. Монголын ардчилал мөнх орших болтугай. ” гэв.

Дараа нь Э.Бат-Үүл: “Ардчилсан нам бол Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой. АН бол Монгол Улсыг ЗХУ-ын колончлолоос салгаж, Монголын ард түмнийг эрх, эрх чөлөөтэй болгосон түүхэн гавьяатай нам. Ардчилсан Нам бол Монгол Улсын Баатар болоход ч багадах гавьяатай.

2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар АН-ын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Баатар цолыг надад зүүлгэсэн. Тэр үедээ Ерөнхийлөгч: “Энэ бол чамд өгч байгаа юм биш. Ардчилсан хувьсгалыг хийсэн, дэмжсэн Монголын ард түмэнд өгч байгаа юм. Ардчилсан намын мянга мянган гишүүдэд өгч байгаа юм. Гэхдээ хууль эрхзүйн хүрээнд төлөөлүүлэн чамд олгож байна” гэж хэлсэн юм. Энэхүү хүндэтгэн зүүж ирсэн Баатарын тэмдгээ эзэнд нь өгье. Ардчилсан намдаа өгье. Ардчилсан намынхаа туганд энэхүү тэмдгээ зүүж өгье” хэмээсэн юм.

Shares

Холбоотой мэдээ