Э.Энхбат: Дарга байхаас илүүтэй хүн байх нь чухал

2021-01-11 1139 0

Э.Энхбат бол аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон туршлагатай төлөөлөгч. Энэ удаад аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Түүнтэй шинэ оны эхэнд ярилцлаа. 

Аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлвэл зохих нэн чухал ажил арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа байх л даа. Иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит өөрчлөлт оруулж, нөлөөлөх ямар ажил төлөвлөсөн бэ?

-Олон улсын байгууллага, төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гээд салбар салбарт ажиллаж үзлээ. Ажлын туршлагын хувьд тал талын туршлагатай болсон байна. Ингээд 2020 оны сонгуулийн үр дүнгээр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Бид сүүлийн хэдэн жил барилга байгууламж, зам харгуй тавих зэрэгт төвлөрч ажиллаж ирсэн. Зам дагаж хөгжил ирэх нь ойлгомжтой, байшин барилгууд хөгжлийн өнгийг харуулах нь тодорхой. Одоо үүнтэй зэрэгцүүлээд хүний хөгжил, ард иргэдийн бодит орлогыг дээшлүүлсэн ажлууд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж харж байгаа. Энэ чиглэлд анхаараа хандуулж ажиллана.

Ажил авснаас хойш тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг бол гантай зуны дараах өвөлжилтийг хэрхэн давж туулах асуудал болж байна. Малчид зутруу, мал мах тааруу, өвөлжилт хөдөөдөө хэцүү байхаар төв суурингийнхан ч хавар хэцүүднэ. Аймгийн эдийн засаг бол мал аж ахуйгаас бүрэн хамааралтай учир өвлийг хэрхэн эрсдэл багатай даван туулах вэ гэдэг чухлаар тавигдаж байгаа юм.

-Төлөөлөгч бүр тойрогтоо илүү хөрөнгө шийдүүлэхийг хүсдэг. Төсвийн хуваарилалтад таны байр суурь юу байх вэ?

– Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үг бий. Байгаа боломждоо тулгуурлаад аль арга замаар зөв хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийднэ. Мэдээж энэ олон төлөөлөгчдийн санал хүсэлтийг чадахынхаа хэрээр шийдвэрлэж ажиллана. Гэхдээ төлөөлөгч болгон дээр л үр ашиг багатай байшин барилгын асуудал шийдэхээсээ илүүтэй бүсчлээд, аль ажил арга хэмжээ нь зөв байна вэ гэдэг дээр төвлөрнө. Эрэмбэ, дараатайгаар асуудалд хандана гэсэн үг.

-Аймгийн болон сумын ИТХ-ын уялдаа холбоо ямар байх ёстой вэ?

-Аймгийн ИТХ, сумын ИТХ хоёр бол нягт уялдаа холбоотой байх ёстой. Шинээр маш олон хүн өөрчлөгдөж томилогдсон. Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарын бүтцийг харахаар цөөнгүй нь анх удаа томилогдсон, мал малладаг иргэд байгаа. Үүнтэй холбоотойгоор нэгдсэн сургалтыг авахаар 2021 оны төсөвт, бас нэгдүгээр улиралдаа багтаан хийж хэрэгжүүлэхээр шат дараатай зааж сургах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь иргэдийн хурал гэж юу юм, нутгийн өөрөө удирдах ёс гэж юу юм гэдэг талаар сургалт семинарыг өгөхөөр бэлтгээд ажиллаж байна.

-Баянхонгор аймаг уул уурхайн олон компанитай. Тэр хэрээрээ асуудал дагуулдаг. Уул уурхай нөхөн сэргээлтийн асуудалд ямар бодлоготой ажиллах вэ?

-Уул уурхайн зөвшөөрөлтэй олон компани бий. Баянхонгор аймгийн үе үеийн удирдлагууд энэ асуудалтай нүүр тулсаар ирсэн. Зарим нь нэр холбогдоно, зарим нь орон нутагтаа хөрөнгө оруулалт татна, зарим нь хөрөнгө татаж чадсангүй гээд л асуудал өрнөдөг. Энэ онд Хөгжлийн чуулган гэх үйл ажиллагаа хийж, түүн дээрээ Баянхонгор аймаг цаашид уул уурхайн талаар ямар бодлого баримтлах вэ гэдгийг зөвлөлдөж, шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь уул уурхайг огт ухуулахгүй байна гэж байхгүй, бүр хууль хяналтгүйгээр ухуулаад байна гэж байхгүй. Тэгэхээр хуулийн хүрээнд шаардлагаа хангаад, зөв явж байгаа аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахаас өөр аргагүй. Харин хууль бус нь зогсохоос өөр сонголтгүй гэж хувьдаа ойлгож явдаг.

-Аймгийн хэмжээнд утааны асуудал дээгүүрт байгаад байна. Шийдлийг хэрхэн харж байгаа вэ?

-Утаа аймгийн төвийн нэг номерын асуудал шүү. Ажлын өрөөний цонх таны харж байгаачлан урагшаа, баруун тийшээ харж, аймгийн төвийн бүх л уурын зуухны яндан нүдэн дээр ил байгаа биз. Эндээс хар утаа олгойдон гарах тоолонд, цонхоор харах болгонд сэтгэл эмзэглэх юм. Нутгийн иргэдийн маань зовинол ч ижил байх. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ, гарц гаргалгаа юу вэ гэдэг дээр олон талаар судалж байна.

Олон жил яригдсан Дулааны станцыг ирэх жилээс барина. Тэгэхээр аймгийн төвд ажиллаж байгаа уур зуухнуудын яндан нэг болж, цэгцэрнэ гэсэн үг. Манай аймгийн утааны 70-80 хувь нь гэр хорооллын утаа эзэлдэг, үлдсэн хувийг нь уурын зуухнуудын утаа эзэлдэг. Манай аймгийн нүүрс түлэлтийн байдлыг аваад үзвэл 90 хувь нь Баянтээгийн нүүрсийг хэрэглэдэг, үлдсэн 10 хувь нь Дөвөнтийн нүүрс түлж байна. Баянтээгийн нүүрс ихээр түлээд байгаа нь илч өндөртэйд байгаа юм. Гэхдээ тортог ихтэй, хар утаа гаргадаг. Харин Дөвөнтийн нүүрс түлэхээр тортог багатай ч, илч муутай тул хөдөлмөр зарцуулалт ихтэй, эдийн засгийн хувьд ашиггүй байгаа юм. Бид нар харж байгаа. Улаанбаатар хотын жишээ, сайжруулсан түлшний асуудал байна. Жишгээр нь аймгийн төв дээрх айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж болж байна. Бид говиороо нүүрсний уурхай ихтэй, томоохон ордуудтай. Эндээсээ хэрхэн яаж татаж хийх вэ гэдэг нөхцөлүүдийг судалж байна. 40 мянгаар Баянтээгээс нүүрс аваад сайжруулсан түлш хийх, Дөвөнтөөс 35 мянгаар аваад хийх хоёр зардлын их ялгаатай. Зөвхөн тээврийн зардлаар нь татаад ирэх юм бол бид нар өөрсдөө эндээ сайжруулсан түлш болгоод үйлдвэрлээд хэрэглэгчдэд хүргэж болж байна. Тэгвэл энэ утаанаасаа салах боломж харагдаж л байгаа юм.

-Цөөнгүй салбарт ажиллаад, эрхэлсэн ажилдаа илүү чамбай ажиллаж ирсэн хүний хувьд удирдах арга барилын онцлог нь юу бол?

– Дарга байх чухал биш, хүн байх нь илүү чухал шүү. Дарга бол халаагаа өгдөг ажил. Дарга байсан ч, цэрэг болсон ч нэг зангаараа байх гэдэг хүний хувьд том шалгуур гэж боддог. Ямар ч үед нэг зангаараа байхыг бодож явдаг. Эцэг, эхийн захиас ч бий.

Ер нь тэгээд би тийм ийм гээд өөрийгөө хэлэх нэг хэрэг. Хөндлөнгийн хүний дүгнэлт илүү үнэн байх болов уу. Ямар ч байсан аливаа зүйлд сэтгэлээсээ хандаж, ард нь гардаг чанар байна аа гэдгийгээ мэдээд байгаа. Ер нь хандлага чухал шүү. Сэтгэлтэй, зүтгэлтэй байж бусдыг манлайлна.

-Улс төрийн салбар дахь алсын харааг тань сонирхож болох уу?

-Их дуртайдаа дарга болдог юм биш л дээ. Надаас илүү хэн нэгэн байвал байр сууриа тавиад өгч болно. Гэтэл итгэл хүлээлгээд дэмжиж байгаа бүхний өөдөөс татгалзах эрх байхгүй шүү дээ. Энэ нутагт төрж өссөн залуу хүний хувьд нутаг орныхоо төлөө байгаа бүхнээ зориулж ажиллах ёстой гэдэгт бат зогсдог. Зөв шударга байж, хуулийн хүрээнд, нутаг орныхоо төлөө бүхнээ дайчлаад ажиллах ёстой.

Холбоотой мэдээ