ХАНЬ: А.Адъяасүрэнгийн “аргагүй амраг” Ц.Амарсанаа

2021-10-04 355 0
Shares

Бид 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүдийн гэр бүл, ханийн талаар цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаад Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон А.Адьяасүрэнгийн ханийг та бүхэнд танилцуулж байна. Түүнийг төдийлөн мэдэхгүй хүмүүс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бараг нөхөр нь гээд ойлгож, егөөдөж байсан үе байсан ч үнэндээ бол эрхэм гишүүний нөхрийг Ц.Амарсанаа гэдэг бөгөөд ШУТИС-ийн барилга архитектурын сургуулийн Ахлах багшаар ажилладаг нэгэн.

Танилцсан түүх: Тэд нэг дотуур байранд амьдардаг байв. А.Адъяасүрэн оюутны дотуур байранд эгчтэйгээ хамт амьдарч байсан төгсөлтийн тэр жилийн үдэшлэгийн үеэр анх урьж бүжиглэснээр хосуудын түүх эхэлжээ. Энэ үед Ц.Амарсанаа ирээдүйн ханьдаа “Чи чинь одоо хаанаас гараад ирсэн бүсгүй вэ. Танилцъя” гэсэн байдаг. Мөн тэрбээр ханийнхаа талаар Адьяасүрэн гэж охин их энгийн, хуурамч дүр эсгэдэггүй нь надад их таалагдсан гэж хэвлэлд ярьж байсан удаатай. Амарсанаагийнх гэдэг айл үүсэж бий болоод хорь гаруй жил болжээ. Одоо бол эхнэр нь УИХ-ын гишүүн, төрийн түшээ. Гишүүн болохоос өмнө хэн түрүүлж ирсэн нь гэрийн ажил, хүүхдийн хүмүүжил боловсролдоо анхаардаг байсан бол өдгөө хүүхдүүд нь гараас гарч, эцэг эхээрээ харуулах бус, эргээд тэдэндээ дэм болох хэмжээнд хүрчээ. Эднийх хоёр хүүтэй.

Өөрөөр хэлбэл А.Адъяасүрэн амьдрал дээр ч, ажил дээр ч эрчүүдээр хүрээлүүлсэн нэгэн гэж хэлж болно. Тэрбээр ханийгаа тодорхойлохдоо “Ухаалаг харцтай, угаасаа онц сурлагатан гэдэг нь духан дээр нь бичээтэй. Номонд дуртай чанар нь бид хоёр адилхан. Бие биедээ харилцан татагдсан. Амьдрах явцдаа тухай тухайн цаг үед бие биенээ дэмжиж түшиж тулаад явж байна. Хань маань үүл шиг нүүгээд байдаггүй, ус шиг урсаад байдаггүй, үргэлж нэг байрандаа байдаг тийм л хүн” хэмээн хэлжээ.

А.Адъяасүрэнгийн тухайд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг. Анх жолооны курс ажиллуулж бизнесийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө нүүрс тээвэрлэдэг дөрвөн компанитай. Гэхдээ түүнийг “Номгон Санчир” группийн ерөнхий захирал гэдгээр нь илүүтэй мэддэг. “Оюутолгой” компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компанийг тэр мөн хариуцдаг. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй, А.Адъяасүрэн авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг бэлтгэжээ.

Улс төрд сүүлд хөл тавьсан түүний хувьд хоёр жилийн өмнөөс Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллах болсноор УИХ-ын гишүүн болох замаа зассан гэж хэлж болно. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэг хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаад Их хуралд нэр дэвших квотоо олж авч, улмаар ялалт байгуулсан.

УИХ-ын шинэхэн гишүүн парламентын эмэгтэйчүүд дундаа хэл аманд хамгийн их өртөж буй нэгэн. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны аравдугаар сард олон нийтэд мэдээлсэн байдаг.

Shares

Холбоотой мэдээ