Х.Бат-Ялалт: Түнэр харанхуйг гэрэлтүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэх болно

2021-10-11 293 0
Shares

Өглөөний мэнд!  Чин сэтгэлээсээ дэмжсэн бүх нөхдүүддээ баярлалаа. Ялалт бүхэн ялалт биш. Ялагдал бүхэн ялагдал биш. Бид бүхэн сонгууль гэдэг нэртэй арга хэмжээ зохиож цөөхөн хэсэг маань маш идэвхтэй оролцож тодорхой 1 үр дүнд хүрдэг. Бид дор бүрнээ л сонголтоо хийцгээсэн. Нэг хэсэг маань сонгуульдаа оролцохгүй байж өөрсдийнхөө эсэргүүцлийг илэрхийлж байгаа бол нэг хэсэг маань зөөлгөж, саналаа наймаалж нэг өдөр ч гэсэн гэдэс цатгалан хонох сонголт хийсэн. Энэ бүхэн хүн гэдэг оюун ухаант амьтны шийдвэр. Энэ бол сонголт хийх эрх чөлөө. Эрх чөлөөгөө эдэлсэн бүхэнд баяр хүргэе!


Цаашдаа бид бодит өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Ер нь бидэнд энэ сонгууль гэдэг жүжиг зохион байгуулах шаардлага байна уу? Ер нь бид шударга ёс, шударга амьдарна гэдэг үгсийг мартвал яасан юм бэ? Бид хэнд ч гомдож, хэнийг ч буруутгах шаардлагагүй. Бид өөрөө өөрсдийгөө л хуурдаг. Бид өөрөө өөрсдөөсөө л урвадаг. Бид өөрөө өөрсдийнхөө л дайсан.


Миний монголын нутагт шунах өстөн дайснууд маань ухаантай байна. Монгол хүн монгол хүнтэйгээ хэмлэлдэн зодолдох нөхцлийг сайн бүрдүүлсэн байна. Мөнгө гэдэг бурхантай болгож хүн гэдэг чанарыг алдуулсан байна. Цөөхөн шуналтай монголчуудыг тэжээж үндэс, угсаагаар нь устгах, газар нутгийг нь тонон дээрэмдэх бүр цаашлаад Монголын газар нутаг дээр бөөнөөрөө ирж суурьших санаархал нь бодитой болсон байна. Элдэв шашинд итгүүлэн мунхруулж итгэл үнэмшилгүй, мэдлэг чадваргүй сул доройчуудыг үйлдвэрлэж чадсан байна.

Манжийн дарлалд бид өөрсдөө л орцгоосон. Нэгдэж тэмцэж чадалгүй амбаны хишигт горьдож нэг нэгнээ матаж, ядарсан түмнээ зовоож хувийн ашиг хайсан ноёдын анд нөхдөөсөө урвасан урвалт л биднийг мөхөөсөн. Тэгвэл одоо ч энэ л үзэгдэл давтагдаж байна. Мөнгөний хүүндээ дарлуулж мөлжүүлж шулуулж өгнө, өгөхгүй гэж маргалдаж нэгнээ хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, уур бухимдлаа гар хөлөөрөө илэрхийлж шорон, шороондоо булагдаж, булшлагдаж элдвийн зовлондоо зохицож амьдрах л шаардлагатай болжээ.

Бидний энэ мунхаг байдлын үйлийн үрийг ирээдүйн үрс минь асар их зовлон болгон үүрэх л байхдаа… Гэвч миний, бидний итгэл бөхөхгүй… Эцсээ хүртэл тэмцэх л болно. Энэ түнэр харанхуйд хэн нэгэн гэрэлтэхгүй бол өөр хэн гэрэлтүүлэх билээ!!! Хадбаатар Батялалт

Shares

Холбоотой мэдээ