Төрийн шагналт яруу найрагч П.Пүрэвсүрэн: Бурхан, миний оюун ухааныг цэлмэг байлгаж байгаад л баярлах юм

2021-01-14 254 0

Баянхонгорын хөдөөх бяц­хан суурингийн шаврай хөвгүүн байхдаа хаврын ха­варт буруу зөвгүй ноолоход номхон орлой зээрдээрээ аргал хомоол түүх ажилтай байв. Амаар нь холбож уясан шуудайтай хомоолоо морин­доо тохох гэж чулуун дээр гарч үйлээ үзэж байж арай­хийн ганзагалаад сумын төв рүү алхуулж явахдаа

“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж л хариулна даа”
гэж өөрийн мэдэлгүй аялахад хавирга нэвт жиндүүлсэн хаврын шуурга уядах шиг санагддаг сан. Тэрхэн үедээ энэ дууг би ардын дуу гэж бодож явлаа. Хожим найргийн амтанд орсон үедээ л нутгийн маань найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн зохиосон шүлэг болохыг мэдэж авав.

“Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Эжийгээ санасны шинж үү дээ”.
Зовлон, жаргал туулсан ч уудам тэнүүн сэтгэлийн тэнхээгээр уяхан замбуу­тивийг аргаддаг эгэл ардын хүүгээс ийм дуу төрөлгүй ч яахав дээ гэж дуу алдмаар сайхан дуу шүү. Монголын утга зохиолын ертөнцөд 1960-аад оноос нэрээ дуурсгаж, үгийн их дархчуултай бийр бэхс, оюун билгийн зиндаа нийлж явсан түүнийг анхны номоо хэвлүүлэхэд “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир” дуугаараа ардын найрагчийн алдрыг хүртсэн Ч.Лхамсүрэн багш нь “Манай яруу найргийн хуудсанд ма­най нутгаас настайгаас ми­ний, залуугаас энэ хүүгийн нэр бичигдэх болсонд би баяртай байна” гэж урам хайрлаж байжээ. “Их Тээлийн даваа”, “Үдийн нар өндөр” туужууд, “Танил хорвоо” яруу найргийн түүврээрээ төрийн шагнал гардан, өнгөрөгч зуу­ны утга зохиолын хорхойт­нуудыг байлдан дагуулсан бичгийн хүмүүн П.Пүрэв­сүрэн гуайтай уулзахаар хотын баруун этгээд дэх Орбитын Цэргийн хотхоныг зүглэлээ. Ойролцоох дэл­гүү­рээс цайны сүү, зохиолч­дын “дотоод шаталтын хө­дөл­гүүр”-ийг нь хөглөдөг “Ерөөл” сархад цүнхлэхээ ч мартсан­гүй. Хаалга тогшвол гэргий Навчаа нь онгойлгож өгөв. Өвгөн бичээч маань намар нэгэнтээ очиход бай­сан ян­заа­раа дээр үеийн цагаан толгойтой төмөр пүрш­тэй орон дээр хагас хэвтрийн байдалд байж бай­на. Орны­хоо хөл, толгой хоё­рын хоо­ронд ногоон дурдан бүсээр татуурга хийсэн нь хааяа өндийж амсхийхэд нь тусал­даг эд бололтой. Хадаг дэлгэн золгоход нүдэнд нь нулимс цийлэгнэж, “үгүй нө­гөө малгай маань хаачив, за яахав, ёс бодоод энийг тавь­чихъя” гээд дэрнийхээ хажуу дахь саарал ноосон цамцыг тэргүүн дээ­рээ хүндтэйхэн залж, бавай­тал ургасан буу­рал сахлаа­раа хацар ги­жиг­дэн үнсэв. Бие тэнхээгий нь асуувал, Навчаа эгч хажуу­гаас “Хүн хэвтэрт их удахаар хэвтрийн хатгаа гээч юм тусдаг юм байна. Шинэ сар гаргаад ху­вийн нэг эмнэлэгт хэвтүүлэх санаатай” гэж бай­на. Хувийн эмнэлэг гэхээр “Ачтан” эмнэ­лэг санаанд орж “Ц.Мухар зохиолч захирал нь юм билээ ш дээ” гэвэл “Бид хоёр ч мундаг найз л даа. Миний одоо хэвтэх эмнэлэг над шиг олон жил хэвтэрт байсан хүнийг бариа заслаар босгосон буян­тай газар гэнэ. Миний энэ хавирганууд чинь нэлэнхүй­дээ өвчин. Хавирга­ны завсар мэдрэлийн гурав ­дахь систем байдаг юм гэсэн” гэв.

Навчаа эгчийг цай цүй болж байх хооронд нүд нь ха­раг­дахгүй сэгсийсэн үстэй, пөө­нөгөр бяцхан хар хав нь хуцаж боргоод юм яриулахгүй шинжтэй. Пүүжээ ахыг загнах аядахаар дуугүй болчихоод л удалгүй хуцах юм. Панго хэмээх энэ хавыг яруу най­рагч Д.Цоодол анд нь хоёр хөгшинд хань бараа болго­хоор бэлэглэжээ. “101 гөлөг”-ийн аав ийм нэртэй юм гэнэ лээ гэж нөгөө муу хаваа өхөөр­дөх юм. Панго хуц­саныхаа шанд бор савхин хошуувч зүүлгэж эрхээ ха­суулав. Энэ үеэр цэнхэр дэлгэцээр МЗЭ-ийн удирдла­гууд ахмадуудаа хүлээж авч байгаа нь гарахад Пүүжээ ах жаахан мушилзасхийж “Ма­най Чойжилсүрэн үү дээ. Би ч уг нь Зохиолчдын хороонд данс­тай л хүн дээ. Наана чинь золгоод байгаа олон авгайг танихгүй юм. Бидний үед Э.Оюун гуай, С.Удвал гуай, Ш.Дулмаа, С.Оюун гээд эмэг­тэй уран бүтээлчид цөө­хөн байлаа” гэж байна. Ца­гаан сараас хойш манай уран зохиолынхноос өвгөнтэй ха­раахан ирж золгоогүй болол­той. “Ерөөл”-өө гаргаж бари­хад “Үдээс хойш манай хо­роо­ны эмч ирж даралт үзнэ. Зуу татчихвал даралт буур­чих байх” гээд хэрдээ цэнэх маягтай. Пүүжээ ахыг зохиол­чид яа­гаад ч юм “Банхар” гэж ав­гайлдаг. Энэ нь бараг тө­рийн шагналын цолоос нь ч түгээ­мэл хэрэглэгдэнэ гээч. Ми­ний санахад хэн хүнийг хуурч мэхлэх хар санаагүй боло­хоор нь ийм гуншин өгөө болов уу даа, мань хүнд. Пүүжээ ах орныхоо өмнөх явган ширээн дээрх “Улаан шонхор” янжуураас ойр ойр­хон асааж шившинэ. Хэвтэрт орлоо гээд бичгийн хүний цэмцгэр зангаа тавьсангүй. Үнсий нь саванд жигтэйхэн нямбай унагаж, дэрэн доо­роосоо сам гарган өтгөн буурал халимагаа толийтол самнах юм. Тэгээд л сэтгэл цэлмэтэл сайхан инээж “Бие махбод маань өөрт захи­рагдахгүй ч бурхан харин миний оюун ухааныг цэлмэг байлгаж байгаад л баярлах юм. Одоо тэр эмнэлэгт хэв­тээд босчих байх. Яг над шиг ийм өвчтэй хүн очоод л бос­сон гэж байгаа юм” гэснээ “Ах нь шинэ ном, мэдээлэл хоё­рыг ч харин алгасахгүй үзэж харчих санаатай шүү. Сэт­гүүлчийн ажлыг 36 жил хийсэн байна. ЮНЕСКО-гоос гарга­сан судалгаагаар сэтгүүл­чийн мэргэжлийг тогоочийн дараа орох хамгийн богино наслалттай, эрсдэл ихтэй мэргэжилд тооцсон байдаг юм шүү.

“Залуучуудын үнэн” сонинд оюутны ширээнээс л очиж байлаа. “Тэмээн дээ­рээс наран ойрхон” дуугаараа алдаршсан яруу найрагч Жан.Шагдар эрхлэгч нь бай­лаа. Би чинь мэргэжлийн сэтгүүлч биш. УБИС-ийн га­зар зүйн багшийн ангид ор­лоо. Ёстой нэг онгирох юм нь дөрвөн жил онц сурсан ч төгсөөд ганц цаг ч багшилж үзэлгүй хэвлэлээр явчихсан юм. Тэр үед “Залуучуудын үнэн” чинь 120 мянган за­хиалагчтай байлаа шүү дээ. Манай сонин говийн Т.Бор, Л.Аюуш, Бадам нарын мар­тагд­сан гавьяатнуудыг тод­руулж улсын баатар цолыг нь нэхэн олгуулж байлаа” гэж хуучлав. Нэг ч албан бай­гууллагаас халагдаж үзээгүй гэх зохиолч маань Монгол телевизийн анхны 17 ре­дакторын нэг агаад “1967-1973 он хүртэл ажилласан. Телевизийнхэн одоо намайг мэддэггүй юм шиг байгаа юм” гэж тэрүүхэндээ тунирхав. Монголын радиогийн ХАА-н редакци, Монголын зохиолч­дын эвлэл гээд түүний ажил амьдралын алтан дурсам­жийг хадгалсан олон байгуул­лага байна. Дагестаны яруу найрагч Расуль Гамзатовоос “Азийн цагаан дагина” хүндэт­гэлийг хүлээж байсан С.Уд­вал ахайтан Пүүжээ ахыг Зохиолчдын хороонд авах гэж Радио, телевизийн улсын хорооныхонтой олон жил булаацалджээ. 1989 оны наад­­­маар төрийн шагналыг чацарганын шинэ сорт бү­тээсэн, тарваганы арьсан хүрэм зохион бүтээсэн, “Ман­духай цэцэн хатан” кино бү­тээлцсэн уран бүтээлчид гээд нийт 26 хүн авч байжээ. Навчаа эгч тэр өдөр нь со­нины редактор, ямар ч завгүй тул очиж чадаагүй аж. “Шаг­нал гардах үеийн зургийг хожим харахад миний муу өвгөн л ганцаараа цэцэггүй, тээр хойно зогсч байхыг хараад уйлчих гээд байж билээ” гэж Навчаа эгч хоо­лойгоо цахиртуулан ханийн­хаа үсийг илбэхэд сэтгэлд нэг л дотно дулаан оргиж байв. Панго хав надад дассан ч юм уу, хошуувчиндаа номхорсон ч юм уу өрөвдөлтэй гаслан хошуугаараа хивс рүү гуд­чихад “эвий миний муу нохой” гэж хоёр хөгшин уулга алдац­гаав.

Хүү, охин хоёр нь ажил төрөлгүй болохоор эдний аж төрөл жаахан тиймхэн л бо­лолтой юм. Толгой хоргодох орон гэргүй зовж явахад нь Хонгор нутгийнхан нь энэ нэг өрөө байрыг авч өгчээ. Гавь­яат Со, “Ачлал трейд” компа­нийн гүйцэтгэх захирал М.Би­лэгт, Монголоос БНАСАУ-д суугаа Элчин сайд Хүрэлбаа­тар нар нутгаас төр­сөн авь­яас билэгтнээ ачлах сэтгэ­лийн дээдийг зориул­санд тэд баярлаж сууна. Ардын уран зохиолч Ш.Сү­рэнжав, П.Ба­дарч, төрийн шагналт Ц.Дорж­готов нар “танайх ч газрын мухарт юм” гэцгээсээр ирэ­хэд нь өвгөн бичээчийн нар гардгаа нуусангүй. “Мөнхийн үсэг” хэвлэлийн компанийн захи­рал асан Г.Батмөнх, гэр­гий Доржсүрэн, охин Б.Бат­цэцэг нар нь Пүүжээ ахыг зүүн нүдний болорын мэс засал хийлгэхэд байнга л тусалж байжээ. Биднийг ийн ярьсаар суутал өдөр нэлээд өвгөрч, гэрийн эзэн “Тэр эмч одоо ирэхээсээ өнгөрсөн. Нөгөө­хөө түрүүний задалдаг байж” хэмээн харамсав. Тэ­рийг задлахад юунд оройтох билээ дээ. Лонхны бөглөө онгойход сэтгэлийн яриа өрнөх нь хууль. “Р.Чойномын найз гэх хүмүүс олширч. Би өнгөрсөн арваад жилд энэ тухай ганц ч үг дуугараагүй. Оршуулган дээр нь Ш.Сү­рэнжав, би, хэ­дэн зураач очиж байлаа. Ха­жуу-Улааны шо­ронд ял эдэлж байхад нь Хар айргийн жонш­ны уурхайн дарга манай ангийн найз байсан юм. Тэр хүнд би захиж, хөөрхийг бүтэн сар дэргэдээ авч, ханын сам­бар энэ тэр хийлгэж, ясыг нь хэд хоног ч болтугай амраа­сан бололтой юм билээ. Ер нь Чойномын захидал, найраг шүлгүүдэд миний нэр дур­дагдаагүй то­хиолдол бараг байдаггүй юм шүү” гэж хүд хүд хийтэл хөхрөх нь анд нөхрийнхөө халуун сэтгэлийг алдар гавь­яанаас ч илүүд үздгийн илрэл биз. “Би ер нь төрийн шагналт гэсэн гуншин­даа тийм ч дур­тай биш, зүгээр л зохиолч хүн шүү дээ. Зо­хиол бичих хүсэл маань л намайг энэ шагналд хүргэс­нээс би төрийн шагнал авна гэж зохиолоо бичээгүй” гээд найргийн онгод хөглөх “дог­шин сүлд”-ээ залав. “Хайр дуулсан заяа” өгүүллэг, шү­лэг, дурдатгалын номоо “Сэ­лэнгэ пресс” хэвлэлийн га­зарт гэрээгээр бэлдэж өг­чээ. Сар шинийн бэлтгэлд нь нэ­мэр болсон нь лавтай.

“Орон байр, гудамж талбай нь хүртэл
Олон хууль, дүрэм журамд баригдсан
Утаа тортогт газраасаа оргодол шиг гарч
Унаган нутагтаа очихоороо л би жаргадаг
Айлын найранд дүүрэн дугараа гардан
Ардынхаа дууны аянд уярч нялхрахад
Аяндаа гарсан нулимсаа бусдаас нуулгүй
Ачлалт түмнийхээ дунд эрх чөлөөг мэдэрдэг
Орчлонд ганцхан нутагтаа нэг очиж
Олдсон заяандаа баясан уул усаа харж,
Тэнүүн талынхаа энгээр би хөлөө жийж
Тэнгэрийн одод ширтэн эрх чөлөөг эдэлдэг”
гэж халамцуухан найрагч маань аргилдуухан хоолойгоор шүл­гээ уншихад, дөрвөн хананы дундаас ч бодогдсоор байдаг төрөлх нутаг Баацагаан нь, булхан умбаж өссөн Бөөн­цагаан нуур, хонио хариулж явсан цувраа Гурван Арга­лант, Хэрсэнгийн уудам шар­гал тал нь нүдний өмнө тодрох шиг болов. Шуудайтай хо­моол ч даахгүй жулдрайхан багадаа сонссон аялгуун жи­гүүр сэтгэлийн гүнд дэвэхэд найрагч өтлөвч найраг нь өтөлдөггүй байна гэсэн нээлт хийв, би. Эднийд удаахан тухалж, бяцхан хаваа эрх­лүүлэх найрагчаас олон сай­хан хууч сонсмоор байсан ч цаг зав хомсхон байсандаа хүлцэл өчмүү. Төрийн шаг­налт зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн 70 насны ой энэ хулгана жилд тохиож буй. “Энэ жилийн сар шинийн нэгэнд төрсөн өдөр маань гэж би зуун жилүүдийн лит хараад тогтоогоод байгаа юм” гэж Пүүжээ ах ярьж байсан. Хүний сэтгэлд уусах яруу сайхан зохиолтой, хүнлэг даруу эл зохиолч урт насалж, удаан жаргана аа гэсэн гэгээн бодолтой тэднийхээс гарахад “удахгүй ирнэ биз дээ” гэсэн мөрөөс харцнаас нь уншиг­даж байх шиг санагдлаа.

Л.Батцэнгэл

Холбоотой мэдээ