Музейн тухай хуулийн төсөлд олон нийтэд нээлттэй санал авч байна

2021-01-15 228 0
Shares

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ахалж буй ажлын хэсгийн бололвсруулж буй Музейн тухай хуулийн төсөлд олон нийтэд нээлттэй санал авч байгаатай холбогдуулан урлаг соёлын салбарын мэргэжилтнүүдийг хуулийн төслүүдэд саналаа өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар уриаллаа.

Өргөн бариад буй хуулийн төсөл таван бүлэгтэй. Нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулжээ.

Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей ажиллаж байна. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага, ММЗ 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр тухайлан зохицуулж ирсэн байна.

Shares

Холбоотой мэдээ