ТҮДЭВИЙН ГАЛСАН (1941-2021)

2021-01-27 129 0

ЭМГЭНЭЛ

БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Төр захиргааны ахмад ажилтан, МАН-ын ахмад гишүүн Түдэвийн Галсан 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бурхны орныг зорисонд талийгаачийн хань, үр хүүхдүүд, ач зээ нар болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Түдэвийн Галсан 1941 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, 1950-1957 онд Гурванбулаг, Заг сумын бага, дунд сургууль, 1957-1961 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумыг хөдөө аж ахуйн нягтлан бодогч мэргэжлээр, 1980-1983 онд Намын дээд сургууль одоогийн удирдлагын акедимийг тус тус төгсөн, санхүү эдийн засгийн болон улс төрийн дээд боловсрол эзэмшиж Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан тэргүүний удирдагч, манлайлагчдын нэгэн байсан юм.
Түдэвийн Галсан 1961-1970 онд Заг сумын “Давшилт” нэгдлээс ажлын гараагаа эхэлж тус нэгдэлд туслах, ерөнхий нягтлан бодогчоор 10 шахам жил ажиллаж, улмаар 1974-1977 онуудад аймгийн хөдөө аж ахуйн удирдах газрын эдийн засгийн хэлтсийн даргаар дэвшин үр бүтээлтэй ажиллаж байгаад 1977 онд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас өгсөн ажил сайжруулах үүрэг даалгаврын дагуу Баацагаан сумын нэгдлийн даргаар 12 жил ажиллахдаа тус сумыг аймагтаа гурван жил дараалан тэргүүн байранд шалгаруулсны зэрэгцээ улсын аварга малчнаар найман хүн, улсын залуу аварга малчнаар олон арван залуучууд шалгарч нэр алдраа цуурайтуулж байсан нь Т.Галсангийн удирдах ажлын арга барилын үр дүн байсныг Баацагаан сумынхан хийгээд Хонгор нутгийнхан одоо ч дурсан ярьдаг юм.

Тэрээр 1989 онд аймгийн намын хорооны товчооны хурлаас дахин ажил сайжруулах үүрэг даалгавар авч Жаргалант сум, сангийн аж ахуйн даргаар үр бүтээлтэй ажиллаж байгаад АИХ-ын депутатаар сонгогдон Монгол улсын Шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж явсан Хонгор нутгийн нэр цуутай депутатуудын нэгэн байлаа.

Түдэвийн Галсангийн Хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 40 жил ажиллахдаа удирдан зохион байгуулсан, сум орон нутгийн хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтууд, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, аймаг орон нутгийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд оруулсан томоохон санал, санаачилгууд, нөр их хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлэн 1981 онд төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1989 онд “Алтан гадас”, 2001 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнажээ.

Түүний төлөв даруу, хүнлэг зөөлөн, хөдөлмөрч, дайчин шуурхай зан чанар, зарчимч шаардлага, нийтэч нөхөрсөг, ил цагаахан сэтгэл, ямагт хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдөж явсан хөдөлмөрч гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд орших болно.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
ХАА-Н ХОРШООЛОГЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээ