А.Адьяасүрэн гишүүн ээ Монгол Улсын нэрийг нэг хятадад худалдахад хэдэн төгрөг болдог вэ

2021-02-04 131 0

Саяхан даа УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нүүрс тээврийн “Сан тээвэр групп” компанийнхаа 1300 гаруй жолоочийн цалинг өгөхгүй, тусгаарлах байр байхгүй хөхөө өвлийн хүйтэнд хөлдөөж, турааж алах нь гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ бол жолоочдын эрх ашиг компани хоорондын асуудал. Мэдээллийг даамжруулж, үндсэн асуудлаа дэлгэчихгүйн тулд Цагаанхад, Шивээхүрэнгийн боомтонд тээвэр хийгээд орж ирсэн жолооч нарын тусгаарлах гэрт давхарга нэмж, өгөөгүй удсан 11, 12, 1 сарын цалинг нэг л өдөрт өгч тээвэрчдийн хилэнг намжаасан. Тун чиг сайшаалтай. Хөндлөнгийн бид ингээд л боллоо гэж бодно. Харамсалтай нь ард нь Монгол Улсын эрх ашиг захын хятадын халааснаас царай алдан зүүгдэж явааг дуулгая.

Шууд хэлэхэд нэг ч монгол жолооч дотоодын тээврийн машин барьдаггүй. Хятад эзний хүнд даацын машинууд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн нэрийг ашиглан нүүрс зөөдөг гэсэн үг. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хамаарал бүхий “Сан тээвэр групп” компани нь хятад эзний машиныг нүүрс зөвөрлөх эрхтэй болгохын тулд улсынхаа нэрийг заран мөнгө авч, ашиг олоод удлаа. Жолооч нартаа мэдээлэл өгдөггүй, хятад эзэн юу гэж тушаана түүний дагуу улс хоорондын тээвэрлэлтээ хийдэг гэх тээвэрчид нь хэзээ хилээр гарахаа мэдэхгүй кабиндаа хэдэн арван хоногоор хэвтсээр.

Үүгээр тогтохгүй хэрэгжээд удаагүй мэрэгшсэн жолоочийн зөвшөөрөл буюу “С” зөвшөөрлөөс үүдэлтэйгээр тухайн боомтуудад 90 хоногийн “дайн” шахуу зүйл болдог. Хэдийгээр зөвшөөрөл олгох шийдвэрийг хоёр улсын тээврийн байгууллага хамтран гаргадаг гэх ч жолооч нар “С”-гээ авахын тулд хятадын талаас утас цохихыг хүлээнэ. Удвал цалингүй, мөнгөгүй, хоолгүй, бүр амьдрал ч үгүй болох эрсдэлтэй тул хээл хахууль, наймаалцлыг утгаар нь үзүүлж өгнө. Үүнд өнөөх “Сан тээвэр групп” ХХК ч яаж дутхав. Мөн л дотоод ажилчдаа шулж, мэхэлж мөнгө олно. Тодруулвал их хурлын эрхэм гишүүн маань хүнд даацын авто машины жолооч бэлтгэх курстэй. Түүгээрээ дамжуулан төгсөгчдийнхөө мэдээллийг эзэнд нь хэлэлгүйгээр компанидаа ажилтнаар бүртгэчихдэг. Сайнаар харвал ажиллаагүй жолоочийн нийгмийн даатгалыг төлөөд баянтай нэгэн шиг харагдавч “Сан тээвэр групп”-ээс өөр компанид ажиллахаар очсон жолоочоос давхар бүртгэл гарснаар хилээр гарах нь хаагдаж, цалингаа авч чадахгүй зэргээр хохирсон явдал нэгээр тогтохгүй олон.

“Сан тээвэр гурпп”-т ажилладаггүй учраас компаниас хасалт хийхийг хүссэн ч заавал гурван сар хий байлгаад хасдаг. Учир нь өнөө л 90 хоногт хятадын талаас өгдөг “С” зөвшөөрөлтэй холбоотой ашиглалт Цагаанхад, Шивээхүрэнгийн боомтонд жонхуурсаар.

Өнөөдөр тээвэрчид нэгдэн нийлж, хэл ам хийснээр арга буюу танай компани хүсэлтээ гаргасан жолооч нарыг байгууллагаасаа хасалт хийж байгаа. Гэхдээ гурван сарын дараа, хохироож дуусаад. Гэтэл мэрэгшсэн жолооны зөвшөөрөлтэй, танайд бүртгэлтэйгээ мэдэхгүй яваа тээвэрчдийг ашигласан хэвээрээ чимээгүй өнгөрөөх гэж байна уу. Хууль бус, хулгайгаар хүний мэдээллийг ашигласан буруугаа хэзээ хүлээх вэ.

Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүн А.Адьяасүрэн та хууль тогтоох, төр засаглах гол бүст нь суучихаад монголын нэрийг хятад эзэнд зараад хэдэн төгрөг олдог вэ. Таны хамаарал бүхий “Сан тээвэр групп” компаниас бусад компани ч ийм зүйл хийдэг” гэх гэж байгаа бол тэднийг ч гэсэн илчлээд, хилийн боомтонд, тээвэрчдийн амьдралд тохиолдож буй бодит байдлыг дэлгээд, үнэнээ хэлээд гараад ирээч.

Шархүү

Холбоотой мэдээ