Хайртай гэж хэлээч

2021-02-04 103 0

Орцны гадаа. Зуны шөнийн тэнгэрт одод хаа нэг гялтагнан сүүмэлзэнэ. Зөөлөн сэвшээ салхинд улиасны навчис янагийн үгс хэлэлцэх шиг. Орчин тойрон хөл хөдөлгөөнгүй, нам гүм. Аварга том хөдөлгүүр шиг үргэлж дүнгэнэж байдаг их хот сая л нэг амарч дээ гэмээр.

Хорин хэдхэн настай залуу орцны үүдэнд ганцаараа гунигтайхан сууна. Тамхиа уушгиндаа бүхнийг шингээх гэсэн мэт шуналтай уртаар сорон, суунаглах утааг нь их л сонин зүйл мэт ширтэнэ. Тамхины саарал утаа ам хамраас савсан эрхлэн бүжих мэт орооцолдон байснаа аажмаар сарниж орхино. Хэн нэгэнд сэтгэл зүрхээ уудлан яримаар, эсвэл зүгээр ингээд ганцаараа хэдэн цагаар суумаар ч юм шиг. Юу хүсээд байгааг мэдэхгүй, зүгээр л дотор нэг л бачуу, агаар дутагдав уу ч гэмээр.

Уг нь эргэж хармаар л санагдана. Гурван давхрын хамгийн захын цонх гэрэлтэй байгаа болов уу, тэр цонхон дээр хэн нэгэн түүнийг харуулдан зогсоо болов уу гэж мэдмээр санагдана. Гэвч бардам сэтгэл, эсвэл түрүүнээс хойш дотор бачууруулсан тэр их цухалдал хориглоод чадсангүй.

Гар утас нь халаасанд нь хүнгэнэж л байна. Бодвол “баян” Баяраа л байх. Оготны нүхээр ч шургам овжин, сүйхээтэй ч гэнэгүй залчихдаг, тэр мөртөө баярхах дуртай болохоор ийм хоч авсан хэрэг. Ууж наргих гэж, хааяа ажил төрөл, эрчүүдийн яриа ярих гэж дууддаг ганц найз нь. Даанч наргих дуртай найзыгаа дагаад явчихвал хонуут өнжүүтээр ч явчихаж мэднэ. Тэгвэл Урнаа ахиад л уйлна шүү дээ.

Уйлна гэж бодохоор эхнэрийнх нь шингэхээн урт сормуустай бор нүд нулимс дүүрэн гомдолтой ширтэх харагдах шиг боллоо. Яагаад түүнийгээ уйлуулчихаад байдаг юм бол? Уг нь энэ хорвоо дээр хамгаас хайртай, эмзэгхэн түүнийх нь уйлах хамгийн ихээр зүрх өвтгөдөг шүү дээ. Өнөөдрийн маргаанаар ч гэсэн хүсээгүй атлаа түүнийгээ уйлуулж орхисон. Очиж очиж бас л “баян” Баяраатай уулзах гэснээс болж. Хааяахан нэг гарч орж, шар айраг шимж, найзтайгаа уулзах аятайхан л байдаг. Ямар элдэв хүүхэн шуухан хөөцөлддөг ч биш. Тэгээд ч Баяраатай уулзвал тав арван цаас олох ажлын ая олддог юм чинь.

Анх Урнаатай танилцаж байсан үеэ саналаа. Өвөл байсан шүү дээ. Жавар тачигнасан хүйтэн өвөл. Бас л энэ орцны үүдээр суга таягтай охин гарч ирээд, гялайтал хөлдсөн зам дээр хальтраад уначихсан. Хажуугаар нь сургууль руугаа яаран алхаж явсан Болдоо гүйх биш, бараг л нисэх хурдаар очиж өргөж босгосон шүү дээ. Тэгэхэд урьд шөнөжин орсон цас эргэн тойрон нүд гялбуулсан яг тэр өвлийн хүйтэн өглөө түүнтэйгээ анх харц тулгарсан. Нэг хараад л яагаад ч мартаж боломгүй тийм л дулаахан, гэгээхэн харц байсан. Тув тунгалаг нүдэнд нь Болдоо өөрөө багтаад орчихмоор яг л тийм. Тийм гэдгээ өөрөө ч тодорхойлж чадахгүй.

“Охин минь тахир дутуу шүү дээ. Төрөлхийн л ийм байсан. Насаараа ийм байна гэсэн үг. Чамд хань болохгүй ээ. Сэтгэлийг нь үймүүлэхээс өмнө холдсон нь хэн хэндээ дээр.” Хадам ээжийнх нь учирласан, магад битүүхэн тандсан үгс түүнийг мохоож чадаагүй. Цөхрөлтгүй уулзах гэж ирсээр, цонхон дор нь зогссоор, утас руу нь залгасаар байсан. “Ээж утас хураагаад авчихсан. Гэхдээ хайр нь аавыг ирэхээр утсаар нь яринаа. Үнсье” гээд харилцуураа шовхийтэл үнсэхэд нь сэтгэл нь уярсандаа, хатуу хорвоотой тэрссэндээ гүйлгэнэх нулимсаа хүчлэн залгидаг байсан.
Гэсэн ч шантраагүй. Хөөрхөн нүдийг нь харах гэж, гарыг нь атгах гэж, зөөлөн уруулыг нь сэмхэн үнсэх гэж зүүдлэн мөрөөдсөөр ирдэг байсан. “Ид шид гэж байдаг байхаа. Эсвэл энэ зүүд байх. Ингээд хоёулаа эхнэр нөхөр болчихлоо”. Урнаа хүүхэд шиг цангинатал инээж байсан. Дандаа ингэж баярлуулмаар, насаараа гар дээрээ өргөж, хорвоогийн хатуу бүхнээс эмзэгхэн түүнийгээ хамгаалж явмаар мэдрэмж сэтгэл дүүргэж чангаас чанга түүнийгээ тэвэрсэн. Хамаагүй чанга тэвэрч ч болохгүй, яагаад гэвэл нь гэмтэж орхино. Хүрсэн болгоноосоо гэмтэж хугарч байдаг яс гэж байдагаа гэж гайхдаг байсан даа анхандаа. Удахгүй дасчихсан.

Ингээд л шинэ амьдрал эхэлсэн. Хорь дөнгөж гарч яваа орь залуухан гэр бүл. Хайр сэтгэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Амьдралын ямар ч саад бартаа тэднийг хориглож дийлэхгүй юм шиг, амьдралын хар бүхэн тэднийг тойрох юм шиг, энэ их хайрын хүчийг өөр юу ч дийлэхгүй юм шиг. Инээдтэй, нулимстай өдөр хоногууд.

Гэвч дандаа л “өвдчихдөг” эхнэртэй байх амар бишээ. Хэдий Урнаа хэрийн хүнд баймгүй сэтгэлийн тэнхээтэй ч өдөр бүр, цаг тутам, нэг мөч ч алгасалгүй асарч тойглоход тэвчээр, ухаан шаардагдана. Ам мурийх үе ч байна, маргааш нь шалгалттай гээд нойргүй хонохдоо ч хажуугаар нь эхнэрээ асран халамжлах хэрэг гарна. Ядарч ядарч гэртээ орж ирээд унаад өгмөөр байвч, тэр л хийхгүй бол хөөрхий эхнэрийнх нь хийх зүйлс дэндүү хязгаарлагдмал. Гэтэл нэг л өдөр “Хайраа чи таа даа. Нэг гоё юм.” “Юу гэж?” “Өө чи, удахгүй аав болох гэж байж ийм тэнэгхэн ч байх гэж.” Хорвоо тэр аяараа эргэх шиг л санагдсан. Аав болно, аав болно гэсэн. Баярлах гайхах зэрэгцсэндээ юу ч хэлж чадаагүй. “Өө чи баярлахгүй байгаа юмуу” гэж гомдонгуй хэлэхэд нь үг дуугаралгүй хүзүүгээр нь тэврээд мэгшсэн. Эр хүн уйлдаггүй гэж боддог байсан ч, тэр үед яагаад ч юм уйлчихсан. Тийм л их баяр хөөр, сэтгэл хөдлөл, догдлолын давалгаа нөмөрч дээ гэж маргааш нь өөрийгөө зөвтгөсөн юм.

Жирэмсэн болоод тэдний ачаа улам л ихсэв. Оюутан болохоор орлого багатай, хааяа нэг цагийн ажил хийсэн болно. Эмч нар Урнааг жирэмслэлтээ зогсоохыг шаардана. Гэвч зөрүүд бүсгүйг дийлсэнгүй. Болдоо ч эмч нарыг дэмжихэд бэлэн байлаа. Гэхдээ эхнэрийнхээ харцыг хараад үг хэлж зүрхлээгүй юм. “Би ээж болно. Харин миний хүүхэд эрүүл саруул төрнө. Хэн ч үрийг минь яах ч ёсгүй” гэж хоолойгоо зангируулахад нь өрөвдсөндөө, бас тэр их зоригоор нь бахархсандаа зүгээр л тэвэрсэн. Тэвэрчихвэл түүнийгээ хамаг хайраараа хуччих юм шиг санагдсан болохоор.

Хөл хүнд, бас бие муутай болохоор эхнэр нь хааяа цухалдана, ойлгомжгүй зан ч гаргана. Ядаж байхад Болдоогийн төгсөлтийн шалгалтууд ойртоод улам л завгүй болчихсон нь нэрмээс болно. Гэдэсний язралт арилгадаг их сайн тос байдаг гэж найз нь хэлэхээр Англиас захиж авчруулах гэсэн ч дөнгөн данган өнөө маргаашаа аргалах тэдний ядуухан төсвөөс хэтрээд чадсангүй. Өөртөө уур хүрч, болдог бол өөрийгөө балбамаар санагдавч тэгж болохгүй. Тэглээ гээд юуг ч өөрчлөхгүй. Үнэндээ бүх зүйлээс ядарч байх шиг санагдах болжээ. Урнаагаа сайхан амьдруулж чадахгүй, дандаа уйлуулаад, гомдоогоод байх шиг, энэ бүхний буруутан нь явж явж өөрөө юм шиг. “Сайн” байж чадахгүй байгаадаа уур хүрмээр.

Энэ удаа ч ялихгүй зүйлээс хайртыгаа гомдоочихоод ингээд сууж байдаг. Ээ дээ, би чинь ийм л ядруу эр хүн байсан юм гэж үү? Хэзээ энэ бүхэн сайхан болох юм бол? Бурхан яагаад бидэнд ийм шудрага бус ханддаг юм бэ? Зөндөө их асуулт байвч хариулах эзэн байхгүй, бухимдмаар.

Болдоо тамхины үнс унасан өвдгөө гөвөн босохыг завдтал “Гал байна уу” гэсэн дуу гарлаа. Насыг нь яг таг тааж боломгүй, их л толиотой, наснаасаа их залуу харагддаг болов уу гэмээр өвгөжөөр хүн гал асуужээ. Болдоо тамхийг нь асааж өгвөл, хариуд нь тамхиар дайллаа. Хоёулаа чимээгүй тамхилна. Салхи, модод, навчис өөрсдийн хөгжмөө тоглож байхад ярих ч хэрэг байсангүй. Өвгөн түрүүлж ам нээлээ.

– За дүү хүү, чи чинь нөгөө хөл муутай охины нөхөр мөн байхаа?
– Мөөн мөн. Та яаж мэддэг юм?
– Ах нь хажуугийн байрных. Та хоёр хааяа явж харагддаг юм. Сэтгэл жаахан гундуухан байна уу даа?
– Үгүй ээ, зүгээр л…Хааяа ингэж ганцаараа тамхилдаг юм.
– Ах нь ч гэсэн ганцаараа тамхи татнаа оройдоо. Ханиндаа сууж байя.

Өвгөн хэсэг чимээгүй байснаа,
– Манай хөгшин ч бас бие муутай. Ах нь чамайг ойлгож байнаа. Би ч бас чам шиг яахаа мэдэхгүй ингээд гадаа суудаг л байлаа. Хол явчихаж чадахгүй санаа зовоод, тэгсэн мөртлөө ороод очиж чадахгүй. Уяатай ботго шиг энэ хавиараа эргэлддэгсэн. Амаргүй ээ амаргүй ах нь мэднэ.
– Уг нь ч гайгүй л дээ. Хааяа л нэг ингээд маргачих юм даа.
– Манай хөгшин өвдөөд хорин гурван жил болж байна. Эхний гурван жил ч чанга байсан шүү. Тэгээд л аажимдаа дасчихсан. Бие биедээ хайртай л байхад бүх юм болно. Дүү минь гомдоосон бол уучлал гуйчих, гомдсон бол учирлаад хэлчих. Та хоёрын өмнө бүхэл бүтэн амьдрал байна, болно доо болно.
– Юу….Та намайг хачин юм асуулаа гэж битгий бодоорой. Би заримдаа зүгээр л нэг тийшээ ганцаараа явчихаад ирмээр ч юм шиг санагдах юм. Та тэгж боддог байсан уу?
– Өөрийгөө золиослоод тэр хүний л төлөө амьдраад байгаа юм шиг аминч сэтгэл төрдөг үе байгаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Бид чинь мах цуснаас бүтсэн хүн л юм хойно. Гэхдээ ханийнхаа сэтгэлийг бодохоор тэр бодол арчигдчихдаг юм. Өөрсдөө хүслээрээ байж чадахгүй, дандаа хүнээс хараат байдаг тэдний хувьд амьдрал чи биднээс илүү хэцүү шүү дээ. За ах нь оръё доо. Хөгшин маань унтах болчихож. Хүүхэд шиг нүүр гараа, амаа угаалгаад хувцаслуулдаг болохоор би холдож болдоггүй юм. За дүү хүү орж амар даа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайртай хүн чинь чамайг таньж, “баярлалаа, хайртай” гэж хэлж чаддаг болохоор чи азтай хүн шүү.

Өвгөн инээвхийлэн ийн хэлээд явж одлоо. Хөгшин рүүгээ яарах бололтой их л хурдан булан тойроод алга болж өгөв. Тэгмэгц Болдоо сая тэдний тухай саналаа. Альцхаймерийн гэдэг сонин нэртэй мартамхай өвчтэй хөгшин нь хааяа тоглоомын талбайд харагддаг юм. Өвгөн нь дэлгүүр орохын хооронд элс шороо түүж идэх, машин замруу ухаан мэдэлгүй яваад орчих нь энүүхэнд. Гарыг нь атган, духан дээр нь үнсэх өвгөнөө ямар ч утгагүй гөлийсөн харцаар харан, утгагүй зүйлс амандаа бувтнан хаа нэг тийшээ гэлдрэнэ. Үр хүүхэд байдаг эсэхийг мэдэхгүй ч хоёр хөгшин л хамт явж харагддаг. Ёстой гайхам сайн нөхөр шүү гэж энэ хавийн амтай бүхэн шагшин хэлцдэг шүү дээ.

Тэдний төлөө сэтгэл нь хөндүүрлэх шиг болсонд гурван давхрын цонх руу харлаа. Цонх нь гэрэлтэй байна. Унтаагүй хүлээж л байгаа хэрэг. Уйлж байгаа болов уу? Дэмий л түүнийгээ гомдоож шүү дээ. Бушуухан орж уучлал гуйя. Бодлоо тасалж амжаагүй байтал утсанд нь мээсэж ирлээ. Баяраа байсан ч гэсэн уулзаж чадахгүй гэдгээ хэлэхээр үзтэл “Хайраа, сая хүүхэд маань гэдсэнд хөдөлсөн. Чи минь бушуухан ороод ир. Тэгээд гэдсэн дээр гараа тавиад үзээрэй. Хурдлаарай” гэсэн байлаа.

Залуу инээмсэглэл тодруулсаар яаран шатаар өгсөнө. “Хайртай” гэж хэлэх гэж, хамгаас ихээр “Хайртай” гэдгийг нь сонсох гэж яарч байлаа.

Т.Хонгорзул

Холбоотой мэдээ