Асар бохир орчинд хүнсний үйлдвэрлэл явуулж байгаад баригджээ

2021-02-04 106 0

Цар тахалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц-гийн буфет, хоол үйлдвэрлэлийн газарт ноцтой зөрчил илэрсэн байна.

Шалгалтаар ажиллагсдын хувцасны өрөөгүй, ажлын хувцасаар хангаагүй, гар угаах цэггүй, ариутгалын бодисоор хангагдаагүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчил илэрсэн байна. Мөн ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй, хүнс, түүхий эдийг газраар өрж шууд хэрэглэх хүнсийг цаасан хайрцаганд ил хийж тавьсан нь дам бохирдол үүсэх нөхцөл бүрдүүлсэн байжээ.

Тус хүнсний үйлдвэрлэл эрхэлж байсан газар нь тахиа шарах тосыг солихгүй маш олон удаа хэрэглэдэг байсан бөгөөд бэлэн болон бэлэн бус түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй нь илэрсэн байна.

Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байснаас гадна хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэггүй, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, шаардлагатай бол бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрдүүлээгүй байсан тул илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоолоо.

Холбоотой мэдээ