ДУУТАЙ ХУРУУГ ЮНЕСКО-д СОЁЛЫН БИЕТ БУС ӨВӨӨР БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ

2020-11-30 392 0
Shares

Баянхонгорчууд тус аймгаас өөр хаана ч байхгүй соёлын хосгүй өв болсон Дуутай хурууг НҮБ-ын “Юнеско”-ийн соёлын биет бус өвд бүртгүүлэх ажлыг эхлүүллээ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсэг гарч дуутай хурууны өлгий нутаг Эрдэнэцогт суманд удаа дараа ажиллаад байгаа юм. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрдэнэцогт сумын ЗДТГ дуутай хурууны үзүүлэх тоглолт, сумын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж олон нийтэд сурталчилав.Тус тэмцээнд Эрдэнэцогт сумын 40 иргэн оролцож сонор мэдэрхүй, сэтгэхүйн хурд, авхаалж самбаагаа сорилоо. Дуутай хурууны наадгайнд Б.Баттулга түрүүлсэн бол өндөр настан Ш.Равжаа удаалж, С.Дагвадорж, Д.Батсайхан нар тусгай байр эзлэв. Эндээс харахад соёлын хосгүй биет бус өв болсон уг наадгайг тус сумын нас насны иргэд тээж, сайн хадгалж үлджээ. Гэвч уг наадгайг хөгжүүлэн дэлгэрүүлэх, соёлын өв мөн гэж үзэх ажлыг яаравчлан хийхгүй бол уламжлалт дэг жаяг алдагдах, улмаар бусдын өв соёл болохыг үгүйсгэхгүй юм.

Тиймээс соёлын өвд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм. Цаашид дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд нарийн судалгаа шинжилгээний ажлыг хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ талаар Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Эрдэнэцогт сумын ИТХ, ЗДТГ онгойлон анхаарч байгаа нь сайшаалтай.

Бидэнд мэдэгдэж буй тодорхой баримтад түшиглэж үзвэл дуутай хурууг соёлын хосгүй үнэт өв гэж үзэх үндэс бүрэн юм.

СЭТГЭХҮЙ ХӨГЖҮҮЛЭХ ХОСГҮЙ АРГА БУЮУ ЧӨЛӨӨТ ЦАГ ӨНГӨРӨӨХ СОНГОДОГ АРГА

Өөр хошуу нутагт тэр бүр байдаггүй нэгэн сонирхолтой талцан наадах тэмцээн нь “Аравдах” бөгөөд айргийн сөн тойрон суусан хүмүүс хоёр талцан тал бүрээс нэг, нэг хүн арван хуруугаа дэлгэн хорийн дотор тоог хурдан хэлж таалцах бөгөөд, хоёр талын давсан хүмүүс хоорондоо хуруудсаар хожигдсон талыг айргаар баалж шахна. Үүнийгээ “Дуутуй хуруу” гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ нь түргэн сэтгэн бодох, хурдан хэллэгт дадлагажуулж, авхаалж самбаа сорьж, айраг уух чадавхийг ахиулдаг гэлцдэг.Дуутай хуруу нь зөвхөн Сайнноён хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, түүнээс засаг захиргааны шинэ хувиараар
тасарсан хил залгаа орших Баян-Овоо сумдад нааддаг онцлогтой.
Түүхийн сурвалжийг сөхөж үзвэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд дээр үеэс Баянзүрхийн болон Гачин ламын хүрээ хийдтэй, 700 орчим лам хуврагууд байдаг байв. Зун, намаржингаа өдөр өнжилгүй лам нараа айлууд ээлж дараагаар урьж дуутай хурууг олноороо цугларч гаргадаг уламжлал тогтсон байсан. Энэ нь намрын цагт Түйн голын хөндийг дагаж адуутай айл их буудаг. Айраг цагаа элбэг, нөгөө талаар лам нар чийг бангаас салах сайн арга байсан байх талтай. Их олон хүн цуглардаг болохоор “аймаглан” гаргадаг байв. Аймаглан гаргана гэдэг нь 50-60 хүн байлаа гэхэд 4 хэсэгт хуваагдан өөр хоорондоо гаргана гэсэн үг. Аймаг тус бүрээс давсан оролцогчид нөгөө аймгийн давсан оролцогчтой хуруудаад давсан нь бусад аймгийн давсан оролцогч тус бүртэй хуруудсаар үзүүр түрүү булаалдана. Хамгийн адагт унасан тал 8 хүнтэй байлаа гэж бодвол 8 хул дараагийнх нь 6 хул, дараагийнх нь 4 хул, түрүүлсэн тал 2 хул гэх мэтээр айраг ууна гэсэн үг. Ингэж чөлөөт цагийг сайхан өнгөрүүлж авхаалж самбаа сорьж, айраг идээ цагаагаа соёлтой, ёс журамтай хэрэглэж ирсэн түүхэн уламжлал байна. Харин дуутай хуруу анх хэдий үеэс үүсэж дэлгэрсэнийг сайн нарийн тогтоогоогүй байна.


Өнөө цагт энэ наадгайг түгээн дэлгэрүүлэх нийгмийн болоод соёлын шаардлага байх үндэслэл өндөр юм. Цээжээр хорийн тоон дотор нэмж, хасах, түргэн бодох, оновчтой шийдвэр гаргах гээд хүний сэтгэхүйг өндөр хэмжээнд хөгжүүлдэг нь амьдрал дээр нотлогджээ. Нарийвчилбал дуутай хуруу нь гүйлгээ ухааныг сайжруулах, сонсох мэдэрхүй хөгжүүлэх, хэл яриа уран тод, хэллэг түргэн болгох, хурц ухаан овсгоо сүйхээнд сургадаг.

Дуутай хуруугаар наадахдаа Нүдний хараа хорин хуруунаас гарч буй тоог хараад, маш түргэн хугацаанд тогтоох ёстой байдаг. Хоёр тал гаргасан хуруугаа хараад бодоод суух биш маш шуурхай сэтгэн харилцан таалцдагаараа дайчин чанарын мэтгэлцээний тоглоом юм.

Тус сумын дуутай хуруу маш сайн гаргадаг настнууд ой тогтоолт сайн, өндөр настай ч ухаан санаа саруул хэвээр байна. Нөгөө талаар архидалтын эсрэг маш сайн арга хэрэгсэл болох боломж гэж ойлгож болно. Айраг ууснаар хүн зуны цагт биеэ цэвэршүүлэхийн зэрэгцээ архи уух сонирхол буурч, хүнд махан хоолноос татгалзахад хүрдэг байна.

ХУРУУ ГАРГАХ ЁСОН

Хуруу гаргахаар цугларсан хүмүүс хоёр тал болон хуваагдан хоёр талын ахлагч буюу “Ловонгоо” томилно.

Том ваар саванд хийсэн айргаа сөн гэж нэрлэн хүндэтгэж, сөнтэй айргаа айргаа дундаа тавиад хоёр тал наадмынхаа дүрмийг харилцан ярьж тохиролцож батална. Дүрэм энгийн бөгөед товчхон дэг журамтай, булхайгүй наадах, монгол ёс заншлаа хадгалахыг эрмэлзэнэ.

Үүнд: Унасан тал буюу хуруу гаргаад хожигдсон тал хэдэн хул айраг уух, хавтгай буюу бүх хүн хожигдвол айргаа хоёр дахин нэмэх.
Хуруу гаргаж байх үед хоорондоо ярих хэл яриа шуугиан булхай гаргахгүй байх, гадагшаа гарах, орж ирэн суудалдаа суухдаа /морь харах/ зөвшөөрлийг өөрийн талын ловонгоор дамжуулан нөгөө талын ловонгоосоо заавал зөвшөөөрөл авах, аваагүй тохиолдолд нэг хул айргаар торгох.
Хожсон талын ловон хожигдсон талынхаа ловонд унааны айргийг тохиролцсон тоогоор нь хийн өгч мөн ловонгоор нь дамжуулан айрагныхаа хулыг шалган хүлээн авна. Унасан тал айргаа хэндээ өгөх нь хамаагүй талдаа шингээнэ. Айрагны сөнд хоёр ловонгоос өөр хэнч хүрэх эрхгүй, хүрвэл торгуультай. Бүх торгууль ярилцан тохиролцсон дүрмээрээ явагдана

Дуутай хуруу гаргаж байх үед хар цагааныг холихгүй байх бичигдээгуй хатуу журамтай. Энэ нь айргийг архитай хольж ууж болохгүй гэсэн журам юм. Бас нөгөө нэг хатуу шаардлага нь харуусаж, цагаан улааныг холилдуулахгүй байх. Энэ нь айраг цагаагаа ууж байхдаа хараалын үг хэлэхгүй гэсэн үг. Хэрвээ хараал хэлбэл, тэр оролцогч тохиролцсон ёсоор торгуулийн айргаа ууна.

Айраг нилээд уугаад ойр ойрхон морь харах, хултай айргаа уугаад сэжигтэй морь харахаар гарвал эсрэг талын ловон өөрийн талын хүнийг томилон хяналт тавиулахаар хамт гаргана.

Уусан айргаа шингээж чадалгүй цагаалсан бол тухайн талыг “цагаан азарга булгиуллаа” хэмээн хожигдсонд тооцон айргийн сөнд сөгдүүлэн “айраг гэж далай юм, миний ходоод өчүүхэн юм” гэж хэлэн хуруунд муу, айрганд тааруугаа хүлээн зөвшөөрч тамхиа өгөн өндөрлөнө гэх мэтчилэн айргийн сөнг тойрсон дүрэм журмаа харилцан тохиролцож, хатуу баримталдаг ёстой.

Хожсон талынхан өөр хоорондоо хуруу гарган ялсны баяраа тэмдэглэн талын наадам хийнэ. Монголчууд айраг цагаа ууж, найрлаж цэнгэхдээ хүртэл ёс журам, зан заншилыг хойч үедээ өвлүүлэн зөв хүмүүжил олоход нь эерэг нөлөөлөл үзүүлдэг түүхэн уламжлалтай байжээ.

Тиймээс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёлын биет бус өвийг хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэх, улмаар нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлэх, баталгаажуулан соёлын өвд бүртгүүлэх нь юу юунаас илүү чухал болоод байна.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар томилогдсон ажлын хэсгийхэн ажилдаа ороод байна. Гагцхүү энд ард иргэдийн дэмжлэг, ахмад буурлуудын үнэт дурсамж, мэдлэг чухал биз ээ.

Б.ЧИНБАТ

Shares

Холбоотой мэдээ