Баянхонгор аймгийн брэнд болох шинэхэн, органик бүтээгдэхүүн энэ сараас худалдаанд гарлаа. Тус аймгийн Баянлиг сумын “Их халбаганат” ХХК ингэний сүүн дарсаа 0.75 литр савлагаатайгаар зах зээлд нийлүүлсэн нь олны хүлээлтийг давав.
Бэлгийн багц бүтээгдэхүүндээ таван жилийн өмнөөс жижиг савлагаагаар оруулж байсан тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүсэлтээр томруулан савлаж худалдаанд гаргаж буйгаа үйлдвэрлэл эрхлэгчид танилцуулсан. Ингэний сүүн дарсыг Монгол оронд гагц эл үйлдвэр л хийдэг болохоо мөн онцлов. Дэлхийн бусад оронд байдаг эсэхийг судлаагүй, аль болох дахин давтагдахгүй, шинэ шинэлэг бүтээгдэхүүн гаргахыг зорин ажилладгаа мөн үйлдвэрийнхэн дуулгасан юм.
Дарсны тухайд шил, шошго зэргээ захиалан Баянлиг сумандаа дарсаа исгэн савлаж байгаа бөгөөд үнийн хувьд импортын дарсны дундаж үнэтэй ойролцоо үнээр борлуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ Баянлиг сум болон Баянхонгор суманд борлуулж байгаа бөгөөд удахгүй улсын томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Монголчууд ингэний сүүг боловсруулж өрх гэрийнхээ өдөр тутмын хүнсний хэрэглээнд хэрэглэж ирсэн боловч зах зээлд борлуулах, худалдааны бүтээгдэхүүн маягаар бэлтгэн борлуулж заншаагүй. Тэгвэл зах зээл өргөжин хөгжиж буй өнөө үед эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц өсч байгааг олж харсан нэгэн гэр бүл ингэний сүүн бүтээгдэхүүнийг орон нутгийн брэнд болгохоор ажиллаж байгаа нь энэ юм.
Discussion about this post