Хоёр бөхт тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, залуу хойч үе, хүүхэд залуучууд, иргэдэд тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн холбооноос хамтран зохион байгуулж буй “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн баяр наадам Баянхонгор аймагт өнөөдөр /2024.01.22/ тэмээн парадаар эхэллээ.
Тэмээн соёл улсын зөвлөгөөн, баярын арга хэмжээг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээснээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн тэмээчдийн холбооны тэргүүн Б.Батбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр Баянхонгор аймгийн тэмээчдийн холбооны тэргүүн Б.Батбаяраас улсын зөвлөгөөн болоод тэмээн сүрэгтэй холбоотой дараах зүйлсийг тодрууллаа.
Б.Батбаяр: Манай аймаг улсад тэмээн сүргийн тоогоор гуравт ордог бол хамгийн олон тэмээтэй сум манай аймгийн Баянлиг
Хонгор нутагт 1987 оноос хойш хоёр дахь удаагаа тэмээчдийн улсын зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөний ач холбогдол хийгээд гарах үр дүнгийн талаарх бодлоо хуваалцаач?
Аз завшаан, олон талын дэмжлэгээр намайг “Тэмээчдийн холбоо”-ны тэргүүнээр ажиллаж буй энэ цаг үед буюу ирэх онд тэмээчдийн Улсын зөвлөгөөнБаянхонгор аймагт зохион байгуулагдахаар боллоо. Манай аймагт 1987 оноос хойш тэмээчдийн улсын зөвлөгөөн болж байгаагүй юм байна. Түүнээс хойш 37 жилийн дараа хоёр дахь удаагаа манай аймагт болж байгаа нь о гурван бүсийн цэнхэр орон Хонгор нутгийн тэмээчдийн хувьд ихээхэн завшаантай үйл явдал болж байна.
Энэ зөвлөгөөн маш өргөн цар хүрээтэй. Бидний хийх зөвлөгөөний гол анхаарлаа төвлөрүүлж буй тэмээ, тэмээчин, тэмээ маллах арга ажиллагаа нь яах аргагүй ХААЯ-ны чухал нэгэн асуудал. Мөн энэ нь өвлийн аялал жуулчлалын маш чухал бүтээгдэхүүн, эвент гэдгээрээ БОАЖЯ-ны, түүнчлэн тэмээ маллахтай холбоотой өв соёлын цогц нь соёл, зан заншил гэдэг утгаараа Соёлын яамны, тэрчлэн тэмээний уралдаан уламжлалт спортын төрөл болохын хувьд БТСХ-нд хамаарах гэхчлэн олон салбар, өргөн хүрээг хамарна. Ингээд харахаар энэ зөвлөгөөн зөвхөн Монгол Улсын тэмээ бүхий аймгуудын хүрээнээс хальж, цаашид олон орны жуулчдын нүдийг хужирлаж, эдийн засагтаа дэм болсон том арга хэмжээ цаашид буй болгох боломжийг нэмэгдүүлэх.
Тэмээ гэдэг амьтан өвлийн цагт жинхэнэ эд хаваа гайхуулдаг шүү дээ. Жишээ нь буурын ороо нь орчихсон, ёстой л говийн үлэг гүрвэл гэхээр харагддаг учраас Африкт саваннагийн олон амьтдыг, БНХАУ хулсны баавгай, Австральд имж, ууттай баавгайг үзэхээр олон жуулчид очдог шиг гадныхан зөвхөн энэ мөчийг харахын төлөө зорьж ирдэг болно.
Тэмээний тухай ярьсных, энд сонирхуулахад манай аймаг улсад тэмээн сүргийн тоогоор гуравт ордог бол хамгийн олон тэмээтэй сум манай аймгийн Баянлиг. Монгол Улс 1980 аад онд тэмээн сүргийн тоо 1 сая дөхөж байсан гэдэг 1990 он гарсаар тэмээний тоо толгой эрс цөөрч 270 гаруй мянгад хүрсэн гашуун үнэн байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын тэмээн сүрэг нийтдээ 475 гаруй мянга болсон байна. Энэ тоо нь өөрөө хангалтгүй. Тиймээс төрөөс тэмээн сүргийг өсгөх бодлогыг эрчимжүүлэхтэй зэрэгцээд малчид маань ч энэ сүрлэг сайхан амьтныг өсгөх сонирхол нэмэгдэж байгаад өөрийн зүгээс маш их баяртай байдаг.
Тэмээ гэдэг амьтан бэлчээрт сөрөг нөлөө хамгийн багатайн зэрэгцээ өндөр ашиг шимтэй. Ингийг жилийн дөрвөн улиралд сааж, сүүг нь боловсруулж, бүтээгдэхүүн гаргах боломжтой. Дээрээс нь тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн ч эрэлт ихтэй. Түүнчлэн ингэний сүүн бүтээгдэхүүн хорт хавдрын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй гэдэг нь олон улсын мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар тогтоогдчихсон. Манай аймагт ингэний ферм баригдаад ирэх хавар ашиглалтад орох юм билээ. Энэ нь тэмээн сүргийг өсгөх, үр шим нь нэмэгдэж, эдийн засгийн хувьд өсөн нэмэгдэх боломжууд бий болгж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг дагаад малчид маань ингээ дөрвөн улиралдаа саадаг ферм хоршоодын хэлбэрт орж үйл ажиллагаа нь өргөн болно. Эцсийн, өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж орлогоо нэмэгдүүлнэ. Хоёрдогч зах зээлд өндөр үнээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулах боломж нээгдэнэ. Энэ мэтчилэн малчдын хувьд өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж бүрднээ гэсэн үг.
37 жилийн дараагаар Баянхонгор аймагт зохион байгуулж буй уг улсын зөвлөгөөнд төрийн байгууллагуудаас гадна эрдэмтдийн төлөөлөл, Монголын тэмээчдийн холбоод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн тэмээчид, зочид төлөөлөгчид оролцож байна.
Шавийн хүрээний нутагт үеийн дамжин өсгөн үржүүлж ирсэн Ламын гэгээний улаан тэмээгээ энэ оны эхэнд Баянхонгорчууд үүлдэрээр батлуулж чадсан, ингэний сүүний үйлдвэрийн эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр болсон зэрэг амжилттайгаар тэмээчдийн улсын зөвлөгөөнөө хийж байна.
Зөвлөгөөнд Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Г. Тойвгоо, Монгол улсын Гавьяат малчин, Монголын анхны тэмээний Улсын алдарт уяач Ц.Шинэн нарын алдарт тэмээчид урилгаар оролцож байна.
Уг зөвлөгөөн, баяр наадмын үеэр хурдан тэмээдийн уралдаан /3 нас/, шилмэл буур – ингэ, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулж, буйл зорох – бурантаг томох төрлөөр аваргуудыг төрөл тус бүр дээр тодруулж, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн цогц арга хэмжээг тус тус зохион байгуулах болно.Миний хувьд МАА-н салбар, тэр дундаа тэмээн сүрэгт нэлээд ач холбогдол өгдөг хүн. Баянхонгор аймгийн тэмээчин малчидтайгаа ойр байж 10 гаруй жил тэмээчдийн зөвлөгөөн баяр наадмуудыг зохион байгуулж ирсэн төдийгүй тэмээчдийн холбооны тэргүүнээр сонгогдон хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ хүрээнд монгол тэмээний өв соёлыг хадгалах, үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ тэмээний уралдаанч чанарыг сайжруулах чиглэлээр тэмээчидтэйгээ хамтран ажиллаж, зөвлөгөөн, тэмээчдийн баярыг зохион байгуулан ажиллаж байна.
Discussion about this post