Баянхонгор аймгийн Баянговь сумын Ерөнхий боловсролын сургуулийнхан МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалан уншиж, үндэсний бичгийн чадвараа дээшлүүлж байна.
Сургуулийн үндэсний бичгийн багш Т.Одонцэцэг, Ж.Нямцэрэн нар хамт олноо хоёр бүлэг болгон үндэсний бичгийн сургалт, хичээлийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалан уншдаг. Үндэсний бичгийн хичээлийг долоо хоногт 4 цагаар судлахаас гадна монгол хэл бичгийн унших чадвараа ахиулах олон төрлийн үйл ажиллагаа явуулж хэвшсэн байна.
Тус сургуулийг 1946 онд үүсгэн байгуулсан, өдгөө 50 албан хаагч, 486 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 14 багш, заах аргач зэрэгтэй 9 багштайгаас АБТА тав, банк санхүүгийн тэргүүнийн ажилтан нэг, МУСТА нэг зэрэг салбарын сайчуултай. Даамын спортын мастер Г.Жаргал, сагсан бөмбөгийн спортын мастер Ч.Ариунжаргал, волейболын спортын дэд мастер Ц.Буянтогтох, Сумын заан Г.Болд-Эрдэнэ нарын зэрэг спортын цол зэрэгтэй багш нар ажиллаж байна. Сургуулийн захирал Ц.Буянтогтох 2023 оны аймгийн Шилдэг захирал, Шилдэг удирдлага, “Алтан сарнай” наадмаас Боловсролын салбарын шилдэг залуу, Баянговь сумын 2023 оны “Оны онцлох хүн” зэрэг шагнал хүртжээ.
Дотуур байранд малчны 100 хүүхэд амьдарч, суралцдаг ба сургуулийн хамт олон дотуур байрны сурагчдынхаа гудсыг өөрсдөө эсгийгээр хийж 100 ширхэг гудастай болгосон байна. Дотуур байранд 2023 онд аймгийн болон сумын ОНХС-гаас бүрэн засвар хийсэн бол сургуулийн спорт заалыг “Цагаан ямаат ” хоршооноос иж бүрэн засварласнаас гадна орчин үеийн сургалтын техник технологиор анги кабинетаа бүрэн тохижуулжээ.
Сургуулийнхан хамт олноороо бүх нийтийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим модыг шинээр тариалсан байна.
Баянговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон сүүлийн хоёр жил дараалан байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1 болон 2 дугаар түвшинд үнэлэгдсэн бөгөөд Баянговь сумын 2023 оны “Шилдэг байгууллага” -аар шалгарчээ.
Discussion about this post