Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д олны хүртээл болон оршиж байна. Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь тус үзмэр юм.
Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 – 65 сая жил
Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав
Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Энэхүү олдворын малтлагын ажлыг анх 1986 онд гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажил хийгдэж, 1989 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгож угсарсан аж.
Тус аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн Түүх угсаатан, Байгалийн түүхийн музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн байна. Соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болсон уг ажлыг гүйцэтгэх зардлыг ССАЖЯамны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргаж байжээ.
Discussion about this post