Эрдмийн их өргөө болсон Номундалай цогцолбор үүсэн байгуулагдаад зуун хавартай золгож байна. Энэ жил төгсөж байгаа, ирэх намар элсэн орж байгаа хүүхэд багачууд, энэ цаг үед ажиллаж байгаа хэн бүхэнд туйлын азтай цаг хугацаа.
Номундалай цогцолборын 100 жилийн түүхэн цаг хугацаа бүр өөрийн алдартан, онцгой замналтай нэгнийг төрүүлэн гаргаж, тэр болгон нь цаг хугацаа өнгөрөх тусам өнгө орж, үнэ цэн нь нэмэгдэж байх нь гайхмаар. Тус сургуулийн 1985 оны төгсөгч Рагчаагийн Ичинхорлоо бол тэрхүү бахдам түүх, онцгой дурсамжийн эзэн юм.
Р.Ичинхорлоо 1978 онд тухайн үеийн Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуульд суралцаж байхдаа Пионерийн Үнэн сонинд гарсан зарлалын дагуу “Олон улсын пионерийн зусланд хэн сайн нэр өгөх вэ” гэсэн зохион бичлэгийн уралдаанд оролцож “Найрамдал” хэмээх нэрийг оноож, тус нэрийнхээ тайлбарыг бичиж илгээсэн байдаг.
Харин түүний бичсэн зохион бичлэг уг уралдаанд түрүүлж БНМАУ-ын удирдагч, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын урилгаар Улаанбаатар хотноо очж, түүний гэргий, одоогийнхоор бол тэргүүн хатагтай Цэдэнбал Филатова болон улсынхаа удирдагчийн хамтаар өөрийнхөө хайрласан Найрамдал зуслангийнхаа нээлтийг хийж, тууз хайчилсан их заяаны эзэн болсон байдаг. Тэгээд бас болоогүй 21 хоног тэндээ амарч, хамгийн хүндтэй, анхы амрагчийн нэг болжээ.
Энхүү үйл явдал Р.Ичинхорлоогийн амьдралын бүхий л хугацаанд бахархал болоод зогсохгүй Монголын хамгийн том Найрамдал зуслангийн үе үеийн амрагч хүүхэд багачуудын мянга мянган дурсамтай холбоотой эрхэм нэр болсон.
“Найрамдал” нэрний эзэн Р.Ичинхорлоо Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлэгт ариутгагчаар ажиллаж байгаад 2007 оноос одоог хүртэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт ажиллаж байна.
Тэрбээр энэхүүү нандин түүхээ төрөлх нэгдүгээр сургууль буюу одоогийн Номундалай цогцолборынхоо 100 жилийн ойн босгон дээр та бидэнтэй хуваалцлаа.
Discussion about this post