Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат “Монголын-Алт” компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Галсангийн Цогтод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнажээ.
Монгол Улсын геологи, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр хангахад мэдлэг чадвараа дайчилж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай нэвтрүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдаж, Монгол Улсын уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг нь ийн үнэлсэн байна.
1961 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ж.Чулуунбаатар ой модны аж үйлдвэрийн салбараас ууган Хөдөлмөрийн баатар болсон нь Баянхонгор аймгийн хувьд ч анхдагч болсон юм. Тэр цагаас өнөөг хүртэл Хонгор нутгаас 27 дахь Хөдөлмөрийн баатар цолтон ийнхүү шагналаа гардлаа.
Discussion about this post